ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Энхболд: Эдийн засагт аюул учруулж буй үйлдвэрүүдэд онцгой дэглэм тогтоохыг зөвлөсөн

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-10

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд баасан гарагт АТГ болон ЗХЖШ, Улсын Ерөнхий прокурорын орлогчийн томилгоог ээлжит бус чуулганаар хэлэлцэх талаар мэдээлэл хийсэн юм. Түүнээс “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой дэглэм болон бусад томилгооны талаар тодрууллаа.

-Ээлжит бус чуулганаар ЗХЖШ-ын дарга болон АТГ-ын дарга, дэд дарга, Улсын Ерөнхий прокурорын орлогчийн томилгооны асуудлыг хэлэлцэнэ гэсэн. Ерөнхийлөгч АТГ-ын даргыг чөлөөлөх саналаа УИХ-д хүргүүлсэн. Энэхүү томилгооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар А.Ганбат генералын нэрийг дэвшүүлснийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. АТГ-ын дарга болон дэд даргын үүрэгт хугацаа дууссан учраас Д.Даваа-Очир, Ж.Батсайхан гэх хоёр нэр дэвшигчийг хэлэлцүүлэхээр УИХ-д хүргүүлсэн. Мөн Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэ­батын үүрэгт ажлын хугацаа нэгдүгээр сарын 25-ны өдөр дууссан. Г.Эрдэнэбатын оронд мөн нэг прокурорын нэрийг дэвшүүлж, хэлэлцүүлнэ. ЗХЖШ-ын үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Гэхдээ нэг байгууллага удирдлагагүй удаан байж болохгүй учраас энэ хаврын чуулганаар томилгооны асуудлыг оруу­лах шаардлагатай байгаа юм. Уг нь намрын чуулган завсарлахаас өмнө энэ асуудлыг өргөн барьсан. 

-“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосныг Ерөнхийлөгч хэрхэн дүгнэж байгаа вэ? 

-Өнөөдөр “Эрдэнэт” үйлд­вэрийн “Стандарт” банкинд төлөх өр 120 гаруй сая доллар болсон. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь байгаа эсэх нь тодорхойгүй байна. Засгийн газраас “Эрдэнэт”-ийн 49 хувь байхгүй гэж үзэж байгаа. Харин Худалдаа хөгжлийн банкны зүгээс 49 хувийг байгаа гэж хэлж байна. Ийм нөхцөлд онцгой дэглэм тогтоох нь зөв гэж үзэж байна. “Эрдэнэт” үйлдвэр өөрөө 100 хувь удирдлагын асуудалтай учраас энэ арга хэмжээг авсан нь зөв гэж Ерөнхийлөгч үзэж байгаа. 1997 онд яг өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсч онцгой дэглэм тогтоож байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-д хийсэн хувьчлал нь маргаантай болж, өнөөдрийнх шиг үйл явдал болж байсан. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэр ганцаараа Улсын төсвийн нэлээд хэсгийг бүрдүүлдэг, татвараа ч өгөхөө байсан, үйлдвэр удирдлагагүй болсон байсан. Энэ үед Засгийн газар шийдвэр гаргаж, онцгой дэглэм тогтоосон. Үүний хүрээнд үйлдвэрийн захирлыг сольж, үйлдвэрийн ажил хэвийн үргэлжилж байсан юм. 

-“Эрдэнэт” үйлдвэрээс өөр үйлдвэрт онцгой дэглэм тогтоох уу?

-Шаардлага гарвал өөр үйлдвэрт ч онцгой дэглэм тогтоож болно. Яагаад болохгүй гэж. Улс орны эдийн засагт аюул учраад байгаа учир арга хэмжээ авч байна. Зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоохыг зөвлөөгүй. Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6.1-д заасан Байгалийн баялаг ард түмний өмч, 6.2-т заасан төрийн өмчийг төр менежментийг нь авч явна гэсэн хоёр заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд буцаан авах гэсэн утгатай зөвлөмж гаргасан. Тэр зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд сүүлийн үед Засгийн газар эрчимтэй ажиллаж байна. Ер нь эдийн засгийн аюулгүй байдалд аюул занал учруулж байгаа үйлдвэрүүдэд онцгой дэглэм тогтоож болохыг зөвлөсөн. Эдийн засгийн аюулгүй байдал нэг улсаас хэт хараат байна. Энд анхаарал хандуулах цаг болсон. Түүнээс “Стандарт” банкинд хэдэн төгрөгийн өртэй, 49 хувийг авсан, аваагүй зэрэг жижиг зүйлээр маргахаа боль. Гол нь бүх бараа, экспорт нэг улс руу гараад байна. Үүнийг олон улс руу гаргадаг болох хэрэгтэй. Ингэхийн тулд онцгой дэглэм тогтоох гэх мэт цогц арга хэмжээ авах, хуулиуд гаргахыг зөвлөсөн. 

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгж­лийн банкинд эзэмшүүлж байх үед та УИХ-ын дарга байсан. Тухайн үед ямар байр суурьтай байсан бэ?

-Намайг УИХ-ын дарга байхад 49 хувийг надад мэдэгдэхгүйгээр хулгайгаар энэ үйл ажиллагааг явуулсан. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн компани авч болно. Гэхдээ УИХ-аар оруулаад, гишүүдийн ихэнх нь дэмжсэн тохиолдолд хувийн компанид эзэмшүүлж болно. Гэтэл цаг хугацаа байхгүй гэх шалтгаанаар Ч.Сайханбилэг эрх мэдлээ хэтрүүлээд өгчихсөн. Тухайн үеийн УИХ дарга, АН-ын даргад огт мэдэгдэлгүйгээр хийсэн. Үүнийг нь би сонгуулиас нэг хоногийн өмнө сэтгүүлээс олж үзээд, Ч.Сайханбилэгийг тайлбарлахыг шаардсан. Тиймээс “Эрдэнэт”-ийн асуу­далд миний ямар нэг оролцоо байхгүй. 

-Ээлжит бус чуулганаар ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэл­цэх ёстой гэх байр, суурийг зарим гишүүд илэрхийлж байна. Энэ талаар ямар байр, суурьтай байгаа вэ?

-Төрийн албан тушаалтнууд ЖДҮХС-аас зээл авсан асууд­лыг анхнаас нь шүүмжилж байсан. Ерөнхий прокуророос асуудлыг оруулахыг хүлээж байна.

-“Эрдэнэс таван толгой” ХХК-ийн ашгаар төмөр зам барина гэх асуудал яригдаж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-2019 онд Сайншандын чиг­лэ­лийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах, ирэх жил Гашуун­сухайтын Зүүнбаян буюу зүүн чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуус­гах чиглэлийг өгсөн. “Эрдэнэс Таван толгой” ХХК нэг тэрбум ам.долларын бор­луу­лалт хийж 800 орчим тэр­бум төгрөгийн цэвэр ашиг­тай ажилласан. Тус 800 ор­чим тэрбум төгрөгөөс ир­гэ­дэд оногдох 15 хувиа хасаад үлдэгдэл мөнгөөр нь төмөр зам барих шийдвэрт хүр­сэн. Тодруулбал, Эрдэнэс Тавантолгойн IPO-д 283 тэрбум гэснийг цуц­лаад төмөр зам тавихаар болсон. Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 50 хувь нь дууссан. Үлдсэн 50 хувийг ирэх жил дуусгах санхүүжилтыг Засгийн газраас шийдэж байгаа.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO гаргахыг цуцалсан гэсэн үг үү?

-“Эрдэнэс Таван толгой” компани IPO гаргана. Гэхдээ IPO гаргасан хойноо олсон мөнгөнөөсөө хувь авдаг болохоос биш гаргана гэж урьдчилж мөнгө өгч болохгүй. Д.Сумъяабазар сайдад урьдчилж мөнгө гаргаж болохгүй талаар сануулсан.