УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан асуудалд таны нэр холбогдоод байгаа. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн. Энэ асуудалд та тайлбар өгөөч?
-Улс төрд үүссэн нөхцөл байдлаас болж мэдээллийг нээлттэй өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Миний бие өнгөрсөн долоо хоногт томилолттой байхгүй байсан. Энэ хооронд янз бүрийн мэдээлэл цацагдсан байна. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдээллийг би үзсэн. Тус мэдээлэлд дутуу зүйл олон байгаа. Тухайн үеийн Засгийн газрын тэмдэглэлийг ил болгосон нь маш зөв. 2016 оны зургадугаар сарын 09-ний анхдугаар хуралдааны мэдээлэл юм. Аж үйлдвэрийн сайдынхаа хувьд уг асуудлыг хэлэлцүүлэхээр Засгийн газрын хуралдаанд оруулсан бичиг байгаа. Улмаар Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн. Ил болгосон тэмдэглэлээс анхаарлыг татсан нэг зүйл бий. Тэр нь ОХУ-ын "Ростех"-ийн захирлаас ирсэн бичиг. Тэр бичгийг орчуулаагүй, орос хэлээр нь нийтэд тараасан.
ЗГХЭГ-ыг орчуулгыг нь хийж гаргаасай гэж хүсч байна. Учир нь тус бичигт яагаад төр энэ мөнгийг гаргах боломжгүй болсон бэ гэдэг асуултын хариулт байгаа. Өөрөөр хэлбэл, Оросын 49 хувийн хувь эзэмшлийг зарах саналтай байна гэсэн утга бүхий хандсан захиа. Захианд "Энэхүү хувийг зарахын тулд бид төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй хугацаанд тогтоож байна" гэдэг өгүүлбэр бий. 2016 оны зургадугаар сарын 01-нд бичсэн захиа Монгол Улсын Засгийн газарт ирсэн. Бичиг яг хэдний өдөр ирсэн гэдгийг Засгийн газрынхан өөрсдөө шүүгээд олчих байх. Ажлын 12 хоногийн хугацаанд ОХУ-ын зарах гэж байгаа 49 хувийг Монголын төр авахын тулд 400 сая ам.долларыг босгож чадах уу гэдэг асуудал үүссэн. Одоо “Бид мөнгө болгоод л авчих байсан” гээд яриад суух амархан. Тэгвэл ярих, хийх хоёрын хооронд асар том зөрүү байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хоорондоо хэлэлцээгүй биш хэлэлцсэн. Би танилцуулгадаа тодорхой хэлсэн байгаа. Санхүү эдийн засгийн хувьд төр өөрөө худалдан авах боломжгүй нь үнэн юм байна.
Өөрөөр хэлбэл, 12 хоногийн хугацаанд багтахгүй. Учир нь тухайн үед 2019 оны тавдугаар сарын 20-нд ээлжит чуулган завсарлачихсан байсан. Засгийн газрын хуралдааны нууцын зэрэглэлтэй тэмдэглэлээс надад хадгалагдаж байгаа нэг зүйл байгаа. Одоо тэмдэглэл ил болсон учир та бүхэнд задалж байна. Тус тэмдэглэлийн гуравдугаар заалтад “УИХ-ын ээлжит сонгууль болж байгаатай холбоотойгоор УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулган завсарласан. Гэхдээ худалдан авсан талаар УИХ-д танилцуулан хэлэлцээрийг соёрхон батлах хуулиудыг хүчингүйд болсонд тооцох асуудлыг УИХ-д оруулах арга хэмжээ авахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасан” гэсэн тэмдэглэл байгаа. Хэрвээ уламжлагдах чанар байсан бол дараагийн шинэ УИХ бүрдэхэд шууд энэ асуудлыг хэлэлцэх боломж байсан. Харамсалтай нь асуудлыг хэлэлцээгүй шууд улстөржилт рүү явуулсан. Эцсийн дүнд би Аж үйлдвэрийн сайдын хувьд зарчим, бодлого хоёрын шийдэл дээр зогссон. Учир нь нэгэнт Монголын төр худалдаж авах боломжгүй учир хүний нохой идэхээр өөрийн нохой идсэн нь дээр гэдэг үг байдаг даа.
Монгол Улсад 49 хувь нь орж ирээд, “Эрдэнэт” үйлдвэр бүхлээрээ Монголын өмч болох нь улс төрийн зөв шийдэл байна гэдэг байр суурийг би өнөөдрийг хүртэл дэмждэг. Тиймээс ч Засгийн газар шийдвэрээ гаргасан гэж би ойлгож байгаа. 2016 оны зургадугаар сарын 19-ий хуралдаанд асуудлыг хэлэлцүүлэхээр би оруулж, танилцуулгыг хийсэн. Харин зургадугаар сарын 13-ны хуралдаанд би байгаагүй ч гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ бол хамтын шийдвэр байсан. 49 хувийн хулгай гэдэг өөр асуудал. ОХУ-ын худалдахаар санал болгосныг Монголын төр хэлэлцээд, Монгол Улсад оруулж ирсэн нь хулгай үйлдэл огт биш. Улс төрийн шийдвэр байсан юм. Би Засгийн газрын энэ шийдвэрийг зөв гэж бодож байгаа. Учир нь өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр хувийн ч бай, төрийн ч бай ямар ч байсан 100 хувь Монголын өмч болчихсон байгааг хэн ч буруутгаж чадахгүй. Харин энэ үйлдвэр цаашдаа ажиллахдаа улс төрийн хэлээр биш эдийн засгийн хэлээр ярьж ажиллаасай гэж хүсч байна.
-Төрд мөнгө байхгүй байсан гэдэг асуудлаа тайлбарлаад өгөөч?
-Нэгдүгээрт, тухайн үед төрд 400 сая ам.доллар огт байгаагүй. Эдийн засгийн хүндрэлтэй байсан учир мөнгө байхгүй байсан гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Хоёрдугаарт, ажлын 12 хоногийн хугацаанд багтааж Монголын тэр их хэмжээний мөнгийг босгож чадахгүй байсан гэдгийг бид хэлээд байгаа юм. Тиймээс ч энэ асуудал үүссэн.
-400 сая ам.долларын ихэнх нь төрийн мөнгө байсан гэсэн мэдээлэл гараад байгаа шүү дээ?
-49 хувийг худалдаж авсан асуудлыг мөнгө угаалт мэтээр яриад байна. Мөнгө угаалт гэж юу байдаг талаар олон улсын хэлээр нэг тодорхойлолт гарах байх. Уг нь санхүүгийн асуудлыг шүүх, хяналтын байгууллага л шийдэх ёстой. Худалдан авах санхүүгийн асуудлыг буруу босгосон уу, эсвэл зөв босгосон уу гэдгийг Засгийн газар шийдэхгүй. Засгийн газар тухайн үед өөрийнхөө улс төрийн шийдвэрийг гаргасан. ОХУ-ын 49 хувийг Монгол Улсад оруулж ирэх нь улс төрийн зөв шийдэл гэдэг шийдвэр гаргасан.
-Тухайн үед Аж үйлдвэрийн яамнаас 90 сая ам.доллар шилжсэн гэдэг баримтыг дэлгээд байгаа?
-Нэг хүснэгт үзүүлсэн байсан. Аж үйлдвэрийн яаманд тухайн үед 90 сая ам.доллар битгий хэл есөн цент ч байхгүй байсан. 2016 оны Аж үйлдвэрийн яамны төсвийг хараарай. Орлого, зарлага бүгд байж байгаа. Тэрийг татаж аваад үзэх хэрэгтэй. Зүгээр л энэ асуудалд улс төрийн байдлаар Аж үйлдвэрийн яамыг татаж оруулна гэж байхгүй. Тэр тайлбараа нөхдүүд хийх байх. Хэрвээ зээлтэй холбоотой асуудал байна гэвэл Хөгжлийн банкных болж хувирах байх. Түүнээс Д.Эрдэнэбат гэдэг хүн 90 сая ам.доллар яамнаасаа гаргаад, баталгаанд нь гарын үсэг зураад өгчихсөн зүйл огт байхгүй. Энэ бол жинхэнэ гүтгэлэг.
-Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зарсан асуудлыг тухайн үеийн УИХ-ын даргад мэдэгдээгүй гэсэн. Тухайн үед танай намынхан нэгдсэн байр суурьтай байгаагүй гэсэн үг үү?
-Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг оруулж ирэхэд “Нууцаар хэлэлцэх ёстой” гэдэг олонхийн шийдэл гарсан. Энэ дагуу хэлэлцээд явсан. Ер нь төрийн гурван өндөрлөг гурвуулаа “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар огт мэдээлэлгүй байсан гэдэгт итгэхгүй байна. Яагаад ганцхан Ерөнхий сайд нь мэдээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нь мэдэхгүй байдаг юм.