ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Энхбаяр: Би зээлээ хугацаа хэтрүүлэлгүй төлдөг хариуцлагатай зээлдэгч

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-20

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ЖДҮХС болон Мал хамгаалах сан, Боловсролын сангаас зээл авсан гэсэн мэдээлэл гарсан билээ. ЖДҮХС-гаас зээл авснаа өөрөө хүлээн зөвшөөрч, мэдээлэл өгч байсан. Тэгвэл бусад сангаас зээл авсан эсэх талаар нь түүнээс тодрууллаа.

-Таныг гурван ч сангаас зээл авсан, буцааж төлсөн гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаараа тайлбар өгөөч?

-Мэдээлэл зөв байна, надад ямар нэг сантай холбоотой өр, зээл байхгүй. Бүрэн төлж дуусгасан. Зээл авсан асуудалд тайлбар өгье.  Хөдөө аж ахуйн яамнаас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан, үйл ажиллагаа нь ил байдаг аж ахуйн нэгж өрсөлдөж, төсөл нь шалгарсан. Улмаар барьцаа хөрөнгөө тавиад, зээлээ авч, хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлсэн. Ажлын байр бий болгох зорилготой авсан зээл. Тэр төслөө амжилттай хэрэгжүүлж, авсан зээлээ ч бүрэн барагдуулсан. Ийм л учиртай юм. 

-Боловсролын сангаас зээл авсан гэсэн?

-16 жилийн өмнөх үйл явдал. Би тэр үед залуу байсан. Энд нэг мэдээлэл хэлье. Монгол Улсын Боловсролын сангийн ашиглалт 60 хувьтай л байгаа.  Үлдсэн 40 хувийг нь ашиглахгүй л байна гэсэн үг. Монгол Улсын үе үеийн төр залуучуудаа гадаадад сургаж байсан. Тэр дундаа 20 дугаар зуунд олон мянган залуусаа зээлээр ЗХУ болон Зүүн Европын орнуудад сургаж байсан. Төлбөрийн зээл олгож, бас бус зардлыг нь өгөх маягаар сургасан юм. Энэ бол улс орондоо олон бүтээн байгуулалтыг хийх боловсон хүчнээ бэлтгэх бодлого байсан. 1990 оноос хойш хөрөнгө санхүү хязгаарлагдсан ч дээд боловсролд олгох зээлийн санг тасралтгүй ажиллуулж, их, дээд сургуульд суралцах боломжтой залууст дэмжлэг үзүүлж ирсэн. Гэхдээ тодорхой гэрээ байгуулж сургалтын зээл олгодог юм. Миний хувьд сургуульд сурах эрхээ авч, тэнцсэнээр мастерын зэрэг хамгаалсан. Гэрээнд заасан бүх үүргээ хангалттай биелүүлсэн. 

-Сангийн яамнаас өгсөн мэдээллээр таныг 6000 ам.долларыг төлөөгүй бай­гаа гэсэн шүү дээ?

-Хэчнээн хүн зээлийн санд хамрагдсан бэ гэдэг мэдээлэл байгаа. Тэндээс л харчихад болно. Гэрээнд заасан үүргээ Ж.Энхбаяр гэдэг хүн биелүүлсэн үү гээд тодруулчихад л болох юм. Гэрээнийхээ үүргийг бүрэн биелүүлсэн гээд л гараад ирнэ.

-Төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, олон сангаас зэрэг зэрэг зээл авах нь ёс зүй, зарчмын хувьд зөв үү?

-16 жилийн өмнө сургуульд сурахдаа авсан зээлийг өөрийн тань асуусан асуултад хамаатуулж тайлбарлах боломж байхгүй. Одоо болтол залуус гадаадын нэр хүндтэй их, дээд сургуульд суралцахаар тэнцсэн тохиол­долд төр дэмжиж, сургаж өгнө гээд эх үүсвэрийг нь төсөвт жил болгон суулгаж байгаа. Ашиглалт туйлын хангалтгүй байна. 60-70 хувьтай л ашиглаж байгаа. Цаана их хэмжээний хөрөн­гө мөнгө үлддэг. Залуус сайн хичээгээд, гадаадын нэртэй их, дээд сургуульд тэнцэх хэрэгтэй. Тэгвэл төр дэмжихэд бэлэн байгаа. Энэ бол улс оронд хэрэгтэй чухал бодлого. 

-Боловсролын сангаас авсан зээлийг эргүүлээд бэлнээр төлөх ёстой юм уу. Эсвэл сайн суралцсан гээд чөлөөлдөг үү?

-Гэрээндээ янз янзаар л зааж өгдөг. Жишээлбэл, миний гэрээнд гадаадад суралцаж ирээд төрд таван жил тогтвортой ажиллах ёстой гэж заасан. Түүнээс хойш 16 жил өнгөрсөн байна гэдэг чинь би гэрээнийхээ үүргийг хангалттай биелүүлсэн гэсэн үг. 

-Таныг хууль хяналтын байгууллагаас шалгаж бай­гаа гэсэн мэдээлэл гарсан. Яг шалгаж байгаа юу?

-Энэ талаар жил гаруй л ярилаа. Бүх л мөнгө орсон, гарсан гүйлгээний мэдээлэл ил байгаа. Ж.Энхбаяр гэдэг улстөрчийн 20 жилийн мэдээлэл  бүгд ил тод. Түүний дагуу асуудаг нь асуугаад, тодруулдаг нь тодруулчихсан. Одоо дуусаа байлгүй дээ.  

-Прокурорын зүгээс таны бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлт оруулж ирэхээс өмнө таныг өөрөө сайн дураараа эрхээсээ татгалзах гэж байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Сайн дураараа бүрэн эрхээсээ татгалзах гэж байгаа юм уу?

-Ж.Энхбаяр гэдэг хүнийг тусгаарлаад шалгах хэрэгтэй  бол би бэлэн л гэж хэлээд байгаа шүү дээ. Яагаад гэвэл, би өөртөө итгэлтэй байна. Салбар яамны нээлттэй сонгон шалгаруулалтад ил тодоор оролцоод, барьцаа хөрөнгөө тавиад, авсан зээл. Төсөл нь сайн хэрэгжээд, үр дүн нь ч гарсан ажил. Ж.Энхбаяр хууль зөрчиж, хулгай хийж, аргалсан юм байхгүй. Хөдөө аж ахуйн салбарын ийм төслийг дэмжихгүй бол Хөдөө аж ахуйн яам өөр ямар төслийг дэмжих вэ дээ. Тийм болохоор би өөртөө итгэлтэй байгаа, ямар ч хууль зөрчөөгүй. Би шалгуулахад бэлэн байна. Хуулийн байгууллагууд ч ажлаа хийж байгаа. Шалгах юмаа шалгаад, дуусч байгаа байлгүй дээ, одоо. Энэ нэг их туйлшраад байх асуудал биш ээ. Зээлтэй холбоотой асуудалд би байр сууриа илэрхийлье. 1990 оноос хойшхи түүхээ эргээд харсан. Миний амьдралын түүх ерөөсөө л зээлтэй холбоотой юм билээ.  30 жилийн турш би зээл авсан байна. Энэ хугацаанд хугацаа хэтрүүлсэн, зээлээ төлөөгүй тохиолдол нэг ч байхгүй.  30 жилийн хугацаанд надад байгаа хамгийн үнэт зүйл бол Ж.Энхбаяр гэдэг хүний зээлийн түүх. Би хариуцлагтай зээлдэгч. Зээлээ хариуцлагатай төлдөг. Зээлийг ажлын байр бий болгох, улс орондоо татавар төлөх гэж, баялаг бүтээх гэж авдаг. Энэ Ж.Энхбаярын төлсөн татвараар илэрнэ. Миний сүүлийн 4-5 жилийн татварын тайланг хараарай. Би жилд хувь хүний орлогын албан гэж 400-500 сая төгрөг төлж байгаа. Монгол Улсын шилдэг татвар төлөгч иргэн. Татварын Ерөнхий газар шалгаруулдаг юм. Ж.Энхбаярын хамаарал бүхий компаниуд олон тэрбум төгрөгийн татварыг сүүлийн 20 жил төлж ирлээ. Олон олон ажлын байрыг бий болгож байна. Орон нутагт шинэ технологи нэвтрүүлж байгаа. Бид ажиллах л хэрэгтэй. Залуучууд аа, зээлээс битгий ай. Гол нь зээл зорилготой л байх ёстой. Зөв зүйл хийх хэрэгтэй. Зээл гэдэг чинь энгийн л санхүүгийн бүтээгдэхүүн. Түүнээс биш зээл авах чинь муу зүйл, гэмт хэрэг биш. Зээл аваад машин авч унаад байвал буруу. Зээлийг тоног төхөөрөмж авах, үйлдвэр байгуулах, ажлын байр бий болгоход зориулах ёстой. 

-Та бас Мал хамгаалах сангаас зээл авсан юм биш үү. Зээлээ төлсөн үү?

-Хөдөө аж ахуйн чиглэлээр манай нэг компани бий. Гэхдээ нарийн ширийн ажиллагаанд нь би оролцоод байдаггүй. Ямар ч байсан холбоотой зээл байхгүй юм билээ. Тухайн үедээ авсан,  төлсөн зүйл бий. Мал хамгаалах сангаас зээл авсан эсэх талаар тодруулсан, компаниа өөрөө хөрөнгөө гаргаад, гаднаас цэвэр цусны малыг өөрсдөө оруулж ирснийг нь Мал хамгаалах сан энэ малыг Монгол Улсад хэрэгтэй тул бид бас авна гээд мөнгө өгсөн юм байна. Энэ саналыг нь манайх хүлээж авалгүй,  буцаагаад мөнгийг нь төлсөн ийм л зүйл юм билээ. Эсрэгээр нь ойлгоод байгаа юм л даа, Ж.Энхбаяр зээл авсан юм биш, Ж.Энхбаярын эзэмшдэг компани өөрийнхөө хөрөнгөөр оруулж ирсэн. Үүнд улс төрийн мушгиа орж байгааг та нар ойлгоорой. Та нар газар дээр нь очиж хараарай. 

-Прокурорын байгуул­лагаас танд хандсан юм биш үү?

-Хандаагүй ээ. Битгий ингэж сургаар ярь, залуус аа. Бодитоор хандах хэрэгтэй шүү дээ. Цаг хугацаа харуулна. Ус, тос нь ялгараг. Хууль хяналтынхан шалгаад тогтоог.

-Гишүүний бүрэн эрх байхад хууль, хяналтын байгууллага шалгахад хэцүү биз дээ?

-Ж.Энхбаяр аа, чамайг шалгах гэсэн халдашгүй бүрэн эрхтэй байна. Бүрэн эрхээсээ татгалзчих гэвэл би УИХ-ын гишүүдээс намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйна. Хуулийн байгууллага надаас тодруулга авсан. Зээл авсан уу авсан. Ном журмынх нь дагуу юу, тийм. Үр дүн гарсан уу, гарсан байна аа гээд ярьсан. Би бүх мэдүүлгээ өгсөн. Оны өмнө би мэдүүлэг өгсөн юм. Одоо болтол надад Эрүүгийн хэрэг үүсгэсэн юм алга.