ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тэрбишдагва: Оюутолгойн гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн байсан

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-20

Оюутолгойн төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг “Оюутолгой” ХХК-д хүргүүлж, мэдээлэл задруулсан гэх асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Энэ асуудлыг МАН-ын бүлгийн зүгээс хууль зөрчсөн асуудал биш гэж үзэж буйгаа мэдэгдсэн билээ. Энэ талаар шалгалтын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас тодрууллаа. 

-Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг “Оюутолгой” ХХК-д өгсөн гэх асуудал гараад байгаа. Үүнийг хууль бус үйлдэл биш гэж намын бүлэг үзсэн юм байна. Ажлын хэсэг ямар дүгнэлт гаргасан юм бэ?

-Оюутолгой төслийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг 2018 оны тавдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн би ахалсан. Зургадугаар сарын 25-ны өдөр ажлын хэсгийн эхний дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтэд тулгуурлан ажлын хэсгийнхэн зунжин ажиллаад наймдугаар сар гэхэд дүгнэлтийг ажлын хэсгийн гишүүдэд тараасан байдаг. Ажлын хэсгийн гишүүд дүгнэлт дээр ажиллах боломж олгож есдүгээр сар хүргэсэн. Арваннэгдүгээр сарын 19-ний өдөр ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гарч, Эдийн засгийн байнгын хорооны даргад өгсөн. 2018 оны арванхоёдугаар сард байнгын хороо бүү хэл Их хурал ч хуралдахгүй явсаар хойшилсон байгаа. УИХ-ын дарга захирамж гаргасан учраас УИХ-ын даргад ажлын хэсгийн дүгнэлтийг гаргаж өгсөн. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Х.Баттулга болон Ерөнхий сайдад хүргүүлсэн. Ингэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тодорхой чиглэл, зөвлөмж өгөөч гэсэн саналыг 2019 оны хоёрдугаар сард явуулсан юм. Хоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэлэлцэхгүй байгаад харамсаж байгаа. Ажлын хэсгийн хувьд 2018 оны арваннэгдүгээр сар гэхэд ажлаа дуусаад, дүгнэлтээ гаргачихсан. Үүнээс хойш зургаан сар өнгөрсөн. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байсан учраас би санал тавьж, ядаж бүлгийн хуралдаанаар хэлэлцэж чиглэл өгөөч гэсний дагуу өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой гэсэн чиглэл гарлаа. Энэ асуудал угтаа бол цаг, минут алдах ёсгүй юм. Ажлын хэсгийн дүгнэлтийн материалыг хоёрдугаар сард Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд тараасан. Нийт 300 гаруй хуудастай дүгнэлт гарсан. Товчилсон байдлаар 40 гаруй хуудастай санал дүгнэлт гарсныг “Оюутолгой” ХХК авсан юм билээ. Ингээд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас өмнө энэ талаар саналаа бидэнд ирүүлсэн нь саяхан шуугиан тариад байгаа юм. Бүлгийн хурлаар тарчихсан, харьцангүй нууцын зэрэглэлээс гарсан байгаа учраас ажлын хэсгийн нууцын зэрэглэлээс гарсан санал дүгнэлтийг хэвлэлийнхэнд өгнө.  Гэрээг яаралтай ярилцах ёстой. Энэ гэрээнд эерэг талууд ч байгаа. Томоохон компани Монголд хөрөнгө оруулж байна. Ингэснээр татвараар дамжин тодорхой хэмжээний орлого нэмэгдсэн, уул уурхайн сайн мэргэжилтнүүд бэлтгэгдсэн зэрэг сайн талууд бий. Гэхдээ аливаа гэрээ, тэр дундаа хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ харилцан ашигтай байх ёстой. Гэтэл энэ гэрээ эхнээсээ харилцан ашигтай байх зарчим нь алдагдсан байгаа юм. Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүгийн төлөвлөгөө гэх мэт нэлээд тоо баримттай материалуудыг хэвлэлийнхэнд тараана гэж бодож байна. 

-Ажлын хэсэг ямар дүгнэлт гаргасан юм бэ?

-Ажлын хэсгийн дүгнэлтэд маш олон асуудлыг тусгаснаас гурвыг нь онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүгийн төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдийг боловсруулахад оролцсон Монголын талын төлөөлөл Засгийн газарт өгсөн чиглэлийг бүрэн баримталж ажиллаагүй. Мөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зарим заалтыг зөрчиж, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон зэрэг нь Монголын талд өгөх үр өгөөжийг бууруулах нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Хоёрдугаарт, Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулж тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд мониторинг хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар  гэрээг сайжруулах шаардлагатай гэж дүгнэсэн. Гуравдугаарт, Дубай хотноо байгуулсан далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүгийн төлөвлөгөө, менежментийн гэрээ нь хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний зүйл заалтыг зөрчсөн байгаа тул түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэсэн гурван гол дүгнэлтийг гаргасан юм. Энд Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан таван дэд ажлын хэсэг ажиллаж, 12 гишүүн оролцсон. Эдгээр гишүүдийн найм нь гарын үсэг зурсан. Ажлын хэсгийн дүгнэлтийн дараа Засгийн газар болон “Рио Тинто” компанийнхан ширээний ард суух ёстой. Миний хувьд Оюутолгой төслийг анхнаасаа эсэргүүцэгч байгаагүй. Энэ бол ардчилсан зах зээлд орж ирсэн хамгийн том хөрөнгө оруулалттай төсөл. Гэхдээ хоёр талын ашигтай байхын тулд дахин хэлэлцэж, сайжруулах ёстой гэж үзэж байгаа юм. Таван дэд ажлын хэсгийн дүгнэлтэд тулгуурлаж гаргасан дүгнэлт гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ асуудлыг энэ долоо хоногт багтаан байнгын хороо болон УИХ-ын чуулганаар оруулаач гэсэн саналыг тавьж байгаа. Ингэхдээ нээлттэй хэлэлцүүлж, тогтоол гарган хэрэгжүүлэх шаардлагатай байна гэсэн байр суурьтай байгаа. 

-Ажлын хэсгийн дүгнэлтийг яагаад өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй хойшлуулаад байгаа юм бэ. Энэ долоо хоногт ч хэлэлцэхгүй байж мэднэ гэж байна?

-Ажлын хэсэг үүрэгт ажлаа гүйцэтгээд, дүгнэлтээ гаргачихсан. Дүгнэлтийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн талаар сая хэлсэн. Өнөөдрийг хүртэл хойшлоод байгаад би ч гэсэн гайхаж байна. Өнгөрсөн долоо хоногийн даргын зөвлөлийн хуралд орохдоо хэлэлцүүлж өгөөч гэсэн саналыг тавьсан. Өнөөдөр бүлгийн шийдвэр гарсан учраас энэ долоо хоногийн пүрэв гарагаас өмнө даргын зөвлөлийн хурлыг дахин хуралдуулаач гэсэн саналыг бүлгийн даргад уламжиллаа. Тиймээс энэ долоо хоногт хэлэлцэх байх. 

-Оюутолгойн санхүүгийн баримт бичгийг ТУЗ-ын гишүүд нь гаргаж өгөөгүй учраас ажлын хэсэг санхүүгийн тооцоо хийж чадаагүй гэх үндэслэлээр ажлын хэсгийн дүгнэлтийг зарим гишүүд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн шүү дээ. Дүгнэлтийг хэр бодитой гэж үзэж байгаа вэ?

-Ажлын хэсэг гэдэг аудит юм уу шүүх, прокурор биш. Ажлын хэсгийнхэн өөрийнхөө боломжийн хэмжээнд материал цуглуулсан. Зарим нэг материалыг өгөлгүй оройтуулсан асуудал бий. Аудитын байгууллага шиг баримт бичгийг нэг бүрчлэн нарийн шалгах боломж байхгүй. Харин нарийн деталчилсан дүгнэлт гэж үзэж байгаа. Мэдээж хоёр тал санал зөрөлдөх асуудал гарна. Баялгынхаа эзэн болчихоод өөрийн талд ашигтай байлгах талаар ширээний ард сууж яагаад болохгүй гэж. Монгол Улсад өгөх үр ашиг нь хэр байгаа юм бэ гэдгийг л судалж, шалгасан дүгнэлт юм. 
-Улсын нууцад оруулсан дүгнэлт бий гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Ажлын хэсгийн дүгнэлтээс улсын нууцад оруулсан зүйл байхгүй. Аль арваннэгдүгээр сард байнгын хорооны гишүүдэд тараагаад өгчихсөн материал. Д.Дамба-очир гишүүнд Оюутолгой компанийн зүгээс дүгнэлтийг албан бичгээр өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан юм билээ. Хүсэлтийн дагуу байнгын хорооны даргын хувьд дүгнэлтийг хүргүүлсэн юм билээ. Энд хууль зөрчсөн ямар ч асуудал байхгүй. Шалгуулсан тал шалгалтын хариуг авах эрхтэй. Үүний дагуу л хийсэн ажил гэж үзэж байгаа.