Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг өчигдөр хуралдаж, анхдугаар хэлэлцүүлгийн дараа орон нутагт ажиллах үеэр иргэдээс ирсэн саналыг нэгбүрчлэн хэлэлцжээ. Улмаар өнөөдрөөс эхлэн найман байнгын хороо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэх юм байна. Тэгвэл өнөөдөр ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх баригчаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар иргэдтэй уулзсаны дараа ямар, ямар нэмэлт өөрчлөлтийг хэрхэн өөрчлөх болсон талаар мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгож, байгалийн баялгийг иргэд, ард түмэнд тэгш хүртээмжтэй байх гэсэн хэд хэдэн суурь зарчмуудыг тусгахад чиглэгдэж байна. Ингэснээр эргээд иргэдийн өрхийн орлого, аж ахуй нэгжүүдийн бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготой” гэв. Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Үндсэн хуульднэмэлт, өөрчлөлт оруулснаар засаг тогтвортой байна. Засаг тогтвортой болсноор бодлого тогтвортой байна. Засгийн газрын өргөн барьсан төсвийг гишүүд дураараа өөрчлөхгүй.
Ингэснээр Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломж нь бүрдэнэ. Засгийн газрын мөрийнхөтөлбөр хэрэгжсэнээр нийгмийн асуудал, боловсрол, эрүүл мэндийн асуудлууд жигд явна. Товчхондоо тогтвортой засаглалтай болно” хэмээлээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх баригч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Ажлын хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй саналыг нэгбүрчлэн хэлэлцэнэ. Иргэдээс нийт 15 зарчмын зөрүүтэй санал ирсэн.
Ингээд УИХ-д оруулж, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Нэгбүрчлэн санал хураалт явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 52 зүйл заалтаар санал хураалт явуулна. Хоёрдугаар санал хураалт явсны дараагаар ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг эргэж ярьж, шийднэ” гэлээ. Улмаар, иргэдээс ирсэн саналыг үндэслэн ямар нэмэлт өөрчлөлт оруулсан талаараа мэдээлэл өгөв.
Тодруулбал,
-Сумын Засаг даргыг иргэд нь өөрсдөө сонгоно.
-Сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга дур зоргоороо халж, сольдог заалтыг хасна.
-3000 хүнтэй сум, 300 мянган хүнтэй дүүргийн асуудалөөр учраас үүнийг ялгамжтай зохицуулна.
-Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх, шүүхэд иргэдийн итгэх итгэлийг дээшлүүлэхтэй холбоотой зохих заалтуудыг оруулна.
-УИХ-ын гишүүн Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил үйлчилгээ эрхэлж болохгүй
-Байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдлыг хадгалах, одоо ба ирээдүйн эрүүл аюул орчны төлөө баялгийн сан байгуулж, иргэн бүрт тэгш шударга хүртээх зарчмаар монголын ард түмний сайн, сайхны зорилгод нийцүүлэн ажиллана. Иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хөндөхгүйгээр мэдээлэл авах /Үндсэн хуулийн 6 дугаар бүлэгт шинэ заалт/
-УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Цэц тогтоож эгүүлэн татах ёстой гэсэн дүгнэлт гаргасан бол тухайн гишүүний асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ.
-Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрхзүйн үндсийг өгнө.