Авлигатай тэмцэнэ гэдэг бол амь дүйсэн ажил. Үнэн голоосоо авлигатай тэмцэх гэж байгаа бол дарга нартай, эрх мэдэлтэнтэй л тэмцэнэ гэсэн үг билээ. Баг, сумын доод шатны дарга нараас эхлээд иргэдийн хурлын төлөөлөгч, Их хурлын гишүүд, Засгийн газрын сайд, Улсын Ерөнхийлөгч хүртэл хууль зөрчсөн, авлига авсан хэн бүхэнтэй хууль тулгаж шалгаж, хууль асууж хүлээлгэж, хувцсыг нь тайлж, барьж, хорьж, хөрөнгийг нь хурааж чадах, бурууд хатуу, зөвд зөөлөн хүний хийх ажил. Мөн 99 авлигач барихын тулд 100 авс бэлдээд, өөрийгөө золиосолж чадах хүний л хийх ажил юм.
АТГ-ын даргын хугацаа дууссан уу
Нийгмийн анхаарлын төвд Авлигатай тэмцэх газрын даргын хугацаа нь дууссан эсэх, дууссан гэж үзвэл хэнийг томилох тухай асуудал яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн зүгээс тус газрын даргыг солихоо албан ёсоор зарлаж, дараагийн даргаар хэнийг томилж болох талаар өөрийн цахим хуудсаараа санал аваад эхэллээ.
Эхний асуулт, Авлигатай тэмцэх газрын даргын хугацаа дууссан уу. Одоогийн АТГ-ын дарга Х.Энхжаргал бол УИХ-ын дарга М.Энхболдын хүн гэгддэг. Түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж суудлаасаа буухынхаа өмнөхөн нэр дэвшүүлэн, УИХ-аас 2016 онд томилжээ. Хуулийн зүйл заалтыг харвал 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гэжээ. Энэ заалтыг харвал Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусах аж. Гэтэл хэргийн эзэн хэнгэргийн дохиур гэдэг шиг өөрөөр тайлбарлаж болох бас нэгэн заалт эл хуульд бий учраас маргаан үүсгээд байгаа хэрэг. Тус хуулийн 21.5-д “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” хэмээжээ. Өөрөөр хэлбэл, өмнөх дарга нь бүрэн эрхээ дуусгаагүй бол нөхөн томилогдсон өмнөх даргын бүрэн эрхийн хугацааг дуусгахаар хуульд тусгайлан заажээ.
Эл заалтыг барих юм бол Х.Энхжаргалын хугацаа хэдийнэ дууссан аж. Дашрамд хэлэхэд, АТГ-ын аль ч дарга нь түүхэндээ хугацаагаа дуусгаж үзээгүй. Анхны дарга нас барсан, удаах дарга ял авсан, гутгаар дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн, өдгөө Х.Энхжаргал ажиллаж байгаа хэрэг. Дээрх хуулийн заалтыг харахаар томилогдсоноос хойш зургаан жил ажиллахаар юм шиг, гэхдээ нөхөн томилогдсон бол хугацаа нь өөр байх юм шиг харагдана. Одоогоос хоёр жилийн өмнө УИХ-аас томилогддог (АТГ-ын дарга, дэд даргатай адилхан) Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг УИХ чөлөөлсөн. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэх гэсэн боловч Цэц татгалзаж, Д.Сугар УИХ-ын бүрэн эрхийн асуудал гэж үзсэн удаатай. Тухайн үед УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон энэ асуудлын талаар тайлбар хийж, УИХ хуулийн хүрээнд ажиллалаа гэж мэдэгдэж байв. Уг нь дээрх гишүүдийг анх томилохдоо УИХ нь төрийн албаны хуулийн зургаан жилээр томилох заалтыг үндэслэж тогтоол гаргасан байсан ч МАН хүнээ тавих ёстой гэсэн логикоор хандсан нь тэр аж. Тэгэхээр нэг ижил асуудал дээр хоёр ондоо шийдвэр гаргаж болохгүй гэдэг зарчмаар Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн хүнийг УИХ буцаахгүй байх магадлалтай. Гэхдээ манайд хууль ямархуу хэмжээнд хэрэгждэгийг бид хэдийнэ гадарлах болсон тул зөвхөн улс төрийн тохироо л мэднэ гэсэн үг.
Тухайлбал, эхний хувилбараар Ерөнхийлөгч хэн нэгэн хүнийг дэвшүүлэхэд М.Энхболд хуулийн хугацаа дуусаагүй гэдгээр уг асуудлыг хүлээж авахгүй байж болно. Одоогоор өөрийнх нь тавьсан дотны хүн нь дарга тул тэгэх ч хангалттай үндэслэл ч бий. Гэхдээ ингэлээ гэхэд ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр, оруулсан хууль болгонд хориг тавьж, санал болгоныг үл хэрэгсэж, санал бүрийг унагаснаараа М.Энхболд ба түүний нөхөд муухай харагдана. Үүнийг ч Ерөнхийлөгч тооцож, ард түмний дунд санал асуулга явуулж буй биз. Хоёрдугаар хувилбараар, УИХ, Ерөнхийлөгч нар хоёр тийшээ хараад суух юм бол төрийн ажил гацах тул Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ-аас баталдаг албан тушаалууд дээр тохиролцоо хийсэн байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, АТГ-ын даргаар АН-ын хүнийг тавьж, МАН-аас прокурорыг томилох замаар шийдэхийг үгүйсгэхгүй. Хэрэв үүн дээрээ тулах юм бол АТГ-ын даргын хугацаа дууссан эсэх асуудал нь тавдугаар зэргийн асуудал болно. Манай улс төр ийм л замаар явж ирсэн нь үнэн.
АТГ-ын дарга хэн болох вэ
Ерөнхийлөгч “АТГ-ын одоогийн даргатай хамтарч ажиллаж чадахгүй” гээд шинэ даргын нэрийг санал асуулгаар дэвшүүлэхээр болсноос хойш нийгэм хоёр талцаж эхэллээ. “Ерөнхийлөгчийг бид сонгосон. Одоо ажлаа хий, АТГ-ын даргаа өөрсдөө тавь” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байгаа хэсэг байхад анх удаа санал асуулгаар төрийн тусгай албан хаагчийг тодруулж байгаад сэтгэл хангалуун байх нөгөө хэсэг ч байна. Саналаа ч өгөөд эхэлж. Яагаад санал асуулга явуулж болохгүй байх билээ. Иргэдийнхээ дуу хоолойг сонсох нь байж болохгүй муу ёрын юм биш. Тэртээ тэргүй юу ч хийсэн манай иргэд шүүмжлэхээс хойш бүгдэд таалагдсан шийдвэр гаргаж, ажил хийнэ гэж байхгүй нь тодорхой. Тиймээс цөөнхдөө хүндэтгэлтэй хандаж, олонхийн шийдвэрээр авлигатай, авлигачидтай тэмцэх даргаа тодруулах нь зөв юм.
АТГ-ын даргад нэр дэвшихийн тулд хамгийн түрүүнд хуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Тухайлбал, АТГ-ын даргад нэр дэвшигч нь “Төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” хүн байх шаардлагатай. Энэ бол зөвхөн хуулийн шаардлага бөгөөд цаашлаад энэ ажлаас халираад байхгүй зоригтой, аль нэг нам бүлэглэлд үйлчилдэггүй, хуулийг дээдлэх чигч шударга, зөвд зөөлөн бурууд хатуу ёс суртахуунтай, муу зүйлд орооцолдож байгаагүй тууштай, нэр цэвэр хүн байх учиртай. Мэдээж дээрх хуулийн болон хувь хүний шаардлагыг хангах юм бол хэн ч байсан яах вэ. Тийм л хүн болоосой. Тэгж гэмээнэ жилээс жилд газар авч буй авлига гэдэг нийгмийн хорт хавдраас бид ангижирч чадна. Орос, Хятад шиг авлигатай зоригтой тэмцэж чадах тийм л хүн байвал сайнсан. Хаа ч очиж одоогийн Ерөнхийлөгч энэ тал дээр санал, санаачилгатай ажиллаж байх шиг. Хэрэв ард түмний саналаар тодорсон хүнийг Ерөнхийлөгч өргөн бариад, түүнийг нь УИХ дэмжих юм бол бидний итгэл найдвар тасраагүй байна гэсэн үг. Итгэл найдвар тасраагүй гэдгээ нотлохын тулд энд нэг жишээ татъя.
Саяхныг хүртэл авлига, хээл хахуулийн хэрэг манай улсын нэгэн адил Румыны тулгамдсан асуудлуудын нэг байлаа. Харин Лауру Ковеш гэх эмэгтэйг 2013 онд тус улсын АТГ-ын дарга болсноос хойш тус улсад 860 сая еврогийн хохирол учруулсан авлигын 5109 хэргийг илрүүлж, 2000 гаруй төрийн албан хаагчийг авлигын хэргээр шоронд суулгасан байна. Тэр болон түүний баг парламентын гишүүн, үе үеийн Засгийн газрын сайд, муж хотын дарга, төрийн өмчит компанийн авлигач захирлуудыг ангуучилж, гэмт хэрэгтнүүдийн зүрхэнд шар ус хуруулжээ. Тэдний дунд Ерөнхий сайд Виктор Понта ч багтаж байв. Лауру Ковешийг АТГ-ын дарга болохоос жилийн өмнө буюу 2012 оны тавдугаар сард Виктор Понта Румыны Ерөнхий сайдаар томилогдож байжээ. Гэвч, тэрхүү Лауру Ковеш ажлаа авснаас ердөө хоёр жилийн дараа түүний авлига, хээл хахуулийн баримт дэлгэгдэн, албан тушаалаасаа огцорсон юм.
Энэ тэмцлийг 44 настай бүсгүй болон түүний бүрдүүлсэн баг эхлүүлсэн, мөн зогсолтгүй урагшилсаар байна. Румынд эдүгээ авлигын эсрэг тэмцэл зөвхөн Авлигатай тэмцэх газрынх, эсвэл Лауру Ковешийн ажил биш болжээ. Учир нь түүнийг дэмжигч мянга мянган энгийн иргэн тэнд бий. Нэгэн жишээ дурьдахад, өнгөрсөн оны хоёрдугаар сард тус улсын Засгийн газар авлигын хэргээр шүүхээс ял сонссон, хуучин төрийн өндөр албан тушаалтнууддаа өршөөл үзүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал Бухарест хотод болж байсан билээ. Тус жагсаалд бараг хагас сая хүн оролцсон нь 1990 оноос хойшхи Румынд болсон хамгийн том, хамгийн олон хүнийг хамарсан жагсаал болж байв. Жагсаал долоо хоногийн турш үргэлжилсний эцэст зорилгодоо хүрч, авлигач улстөрчдийг суллах шийдвэрээ Засгийн газар нь цуцалж байсан юм. Энэ бол Лауру гэх эмэгтэй жирийн иргэдийн итгэлийг олсны, басхүү түүний үйл хэрэг олон нийтээс дэмжлэг хүлээсний нэг тод жишээ байлаа. Хүнээ олж тавьж чадах юм бол нэгхэн хүнээс ямар их зүйл шалтгаалж болдогийг та бүхэн болгооно буй за.