ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Оюутолгойтой хэлэлцээрийн ширээний ард суусан ч Монголын эрх ашиг бүрэн хангагдах уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
4 цагийн өмнө

Монголд хөрөнгө оруулалт хийснээс хойш 16 дахь жилдээ хэл ам, хэрүүл тэмцэлтэй хэвээр байгаа Оюутолгой төслийн асуудал намын тамгаа булаалдсан төрийн хоёр даргын зодоон дунд мартагдсан сэдэв болоод буй нь гаслантай.

Учир нь тус төслийг Монголд хэрэгжүүлж буй “Рио Тинто”-той бид 438 сая ам.долларын татварын маргааныг Лондонгийн Арбитрын шүүх дээр хэлэлцэхээс гадна 2021 онд УИХ-аас баталсан Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх тухай 103 дугаар тогтоолын хэрэгжилт, нэмээд “Онтрэ” компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, шинэ хөрөнгө оруулалтын гэрээг зурах, Оюутолгойн бланс дээр байгаа хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүүг бууруулах гэсэн олон асуудлаар одоог хүртэл нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй явж байна.

Татварын маргааны асуудлаар гэхэд л Засгийн газар эс үйлдэхүй хийж, Рио Тинтод бууж өгч байна уу гэх асуулт урган гарсаар байгаа билээ. Учир нь Лондонгийн Арбитрын шүүх дээр Монголын талыг төлөөлөн ажлын хэсгийг ахалж байсан ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоог Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа аваад удалгүй зургадугаар сарын 18-ны өдөр чөлөөлсөн.

Ингэсний дараа энэхүү ажлын хэсгийг ахлах үүргийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарт даатгаад байсан ч мөн л улс төрийн асуудлаас үүдэн сайдаа шалтгаангүйгээр чөлөөлж, өнөөдрийг хүртэл Хуульзүйн яам хариуцсан сайдгүй, томилсон сайд нь УИХ-ын чуулганы хуралдаанаар ч танилцуулагдаагүй хүлээлт үүсгэсэн хэвээр байна.

Гэтэл өнгөрөгч есдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд Лондонгийн арбитрын шүүх дээр уг асуудлыг хэлэлцэж ирсний дараа ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Бид ялна гэдэгт итгэлтэй байгаа. Хэрвээ ялж чадахгүй бол энэ байгууллага 40, 50 жил үйл ажиллагаа явуулна. Анх хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ 30 жилээр хийсэн. Одоо 16 жил өнгөрчихлөө. Цаашид төлөх татвар дээрээс суутгах байдлаар Монгол Улсын эдийн засагт дарамт болохгүйгээр шийдэх боломжтой” хэмээн мэдэгдэж байв. Гэвч өнөөдөр бодит байдал дээр юу болж буйг уншигч та надаар хэлүүлэх хэрэг юун. Төр нь самуурч, төсвөө баталж чадахгүй гацаж, намын бүлгээрээ хоёр хуваагдаж, УИХ-аа тараах, тараахгүйн тухай энэ зөрчил, зодоон дунд Оюутолгойн асуудлыг онилж байгаа ганц улстөрч байхгүй болчихлоо гэхэд хэтийдэхгүй.

Тэр ч байтугай Засгийн газрын 2025 оны аравдугаар сарын 08-ний өдрийн хуралдаанаар Оюутолгой төсөлд Монголын талын эрх ашгийг хангахаар 2020 онд сонгогдсон ТУЗ-ийн гишүүн Э.Баясгаланг мөн чөлөөлөх шийдвэр гаргаснаараа цаг хугацаа давчуу болсон энэ үед төрийн төлөөллүүдээ чөлөөлж, Рио Тинтод бууж өгч байна уу гэх хардлагыг бий болгосон хэрэг билээ. Эрх биш шаварт унасан шарын эзэн гэгчээр УИХ-аас өнгөрсөн зургадугаар сард баталсан “Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хороо”-г ахалсан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Ерөнхий сайдын 2025 оны 65 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюутолгойн төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянаж үзэж, өөрчлөх, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг ахалсан Сангийн сайд Б.Жавхлан нар л ор нэр төдий ажлын хэсэг болон түр хороогоо хуралдуулж, энэхүү асуудлыг хөндөж байна. Б.Жавхлан сайдын ахалсан ажлын хэсэг гэхэд өчигдөр дөнгөж хоёрдахь хуралдаанаа хийж нөгөө л улиг болсон буюу хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагч талд хэлэлцээрийг эхлүүлэх албан бичгийг хүргүүлэх гэсэн ерөнхий шийдвэр гаргаад өнгөрлөө.

Оюутолгой мэдээлэл өгөхөөс удаа дараа татгалзсан уу

Хоног хугацаа давчуу болж, арванхоёрдугаар сарын 31 гэхэд зээлийн хүүгийн асуудлаа шийдэх ёстой энэ цагт Оюутолгой Хянан шалгах түр хорооны ажлаас зориуд зугтаж, удаа дараа ирэхээс татгалзаж, Гүйцэтгэх удирдлага гадагшаа явсан гэх мэтээр хуулиар хүлээсэн мэдээлэл өгөх үүргээсээ зугтсаар буй юм.

УИХ-аас Хянан шалгах түр хороог хэн дуртай нь байгуулдаггүй. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын нийт гишүүдийн 4/1-ээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавьсан тохиолдолд байгуулагддаг. Тэр ёсоор УИХ-ын 89 гишүүний саналаар энэхүү Хянан шалгах түр хороог байгуулсан гэсэн үг.

Гэтэл Монголын ард түмний төлөөллийн энэхүү саналыг үл тоож, гурван ч удаагийн түр хорооны хуралдаанаас зугтаж буй тэд өнөөдөр буюу лхагва гарагт хуралдах тов зарласан түр хорооны хуралдаанд ирэхгүй бол бидэнтэй ойлголцолд орохыг хүсэхгүй, зориуд зугтаж байна гэж дүгнэхэд хүрэх билээ.

Оюутолгойн орд газар бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа орд. Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж. Төрийн 34 хувийг эзэмшдэг, стратегийн ач холбогдол бүхий орд газар. Тэр ч ёсоор УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хороонд төрийн бүх байгууллага, яам агентлаг, Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, сайд дарга нар мэдээлэл өгдөг үүрэг ёсоор тэд өнгөрсөн 16 жилийн хугацааны үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаарх мэдээллээ өгөх ёстой билээ. Гэсэн ч тэд өнгөрсөн хугацаанд дандаа нууц гэсэн албан бичиг ирүүлж байгаад хамгийн сүүлд буюу өнгөрөгч долоо хоногт “Хянан шалгах түр хорооны хуралдаанд оролцох боломжгүй” гэсэн албан тоотыг анх удаа нууцын тамга дарахгүйгээр илгээжээ.

Зээлийн хүүгийн асуудлыг эцэслэхэд 76-хан өдөр үлджээ

Хянан шалгах түр хороог байгуулах болсон хоёр шалтгааны нэг нь Оюутолгойн бланс дээр байгаа хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүүг бууруулах асуудал. Тодруулбал, “Рио Тинто” групп Оюутолгойн уурхайг байгуулахдаа шаардагдах хөрөнгийг жилийн 4-5 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлээс босгож, Оюутолгой ХХК-д 11.5 хувийн хүүтэйгээр дамжуулан зээлдсэн байдаг.

Зээлийн гэрээндээ 2011 онд “Хүүг долоон жил тутамд эргэж харах боломжтой” гэсэн заалт оруулж, улмаар 2018 онд гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн ч төслийн эрсдэл хэвээр байсан тул боломжоо ашиглаж чадаагүй аж. Гэтэл гүний уурхайн бүтээн байгуулалт дуусаж төслийн эрсдэл арилсан ч хүүгээ бууруулж чадахгүй явсаар оны эцэс хүргэжээ. Уурхайг эхлүүлэхэд авсан 6.5 тэрбумын зээл өдгөө 12 тэрбумд хүрчээ. Зээлийн хүү цаашдаа энэ хэвээр үргэлжилвэл Монгол Улс ашиг авах бус эсрэгээрээ өрөнд орох эрсдэл учраад буйг Түр хорооны дарга О.Батнайрамдал онцолж буй.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нэг жилийн төсвийг хоёр нугалсан буюу 18 тэрбум ам.долларын зээлийн хүүг төлөх эрсдэлт нөхцөл байдал биднийг хүлээж байгаа. Энэ асуудлыг оноос өмнө шийдэхгүй бол бид хүнд нөхцөл байдалтай нүүр тулгарна.  Өнөөдөр тус Түр хороо ээлжит хуралдаанаа хийх тов тараасан ч МАН-ын бүлгийн хагарлаас үүдэн хуралдах танхимгүй гадаа нь зогсссон байдалтай буй.

Тэгвэл энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Г.Занданшатарын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрээ шуурхайлж, ширээний ард суух тохиролцоонд хүрлээ.  Өнгөрсөн хугацаанд дотоодын улс төрийн зөрчил тэмцэл дандаа Оюутолгойн хөрөнгө оруулагч нарт ашигтай тусаж ирсэн гашуун түүхийг давтаж болохгүй. Ирэх долоо хоногт эхлэх хэлэлцээрээр Оюутолгой төслийн зээлийн хүүг бууруулах, Монголын тал баялгийн өгөөжөө ахиу хүртэж, ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах талаар нэг нийтлэг эрх ашгаа тугаа болгож ажиллана.

Рио Тинтогийн хувьд ч Оюутолгойг тойрсон хувь нийлүүлэгчдийн хэд хэдэн асуудал шийдлээ ололгүй сунжирсаар байгааг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Засгийн газрын тухайд Оюутолгойн асуудлаар гурван ажлын хэсэг байгуулагдан хөрөнгө оруулагч талыг шахаж ажилласны хүчинд бид энэ ондоо багтаан Монгол Улсдаа, ард түмэнд ашигтай шийдэлд хүрэх боломж ойртож байна.  

Хэлэлцээг бодит үр дүнд хүргэхэд хийрхсэн улс төрөөс ангид төр засгийн тогтвортой байдал чухал шүү. Хэлэлцээний бүхий л үйл явцыг ард иргэдэдээ ил тод ярьж, мэдээллэж явах болно” гэлээ. Харин Оюутолгой компанийн зүгээс “Түр хорооны үйл ажиллагааг бид ямагт дэмжиж, өнөөдрийн байдлаар 30.000 гаруй баримт бичгийг хүргүүлсэн. Бид уулзалтад очно гэдгээ мэдэгдсэн. Гэсэн ч компанийн талаар ташаа мэдээлэл тарж, оффист маань зохион байгуулалттай бүлэг хүмүүс цугларч, биднийг айдаст автуулж байна” гэсэн утгатай мэдэгдлийг өчигдөр олон нийтэд цацав. Эндээс харвал тэд үнэхээр бууж өгч хэлцэлд орохоор шийдэв үү, эсвэл гэх асуулт урган гарна. Үнэхээр хэлцлийн ширээний ард сууя гэсэн бол Монголын талын эрх ашиг бүрэн хангагдах уу гэдгийг ч нягт нямбай ярих ёстой болно. 

“Онтрэ”-гийн асуудлаар Оюутолгой гэдийсээр байх уу

Түр хорооны хоёрдахь чухал сэдэв бол Онтрэ дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тохирох болон шинээр хөрөнгө оруулалтын гэрээ хийх явдал.

Тодруулбал, Канадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, Оюутолгойн газрын доор байгаа хүдрийн 30 хувийг эзэмшдэг гэх “Онтрэ” ХХК нь Монголын баялгийг 80/20-оор хувааж авах 76 хуудас бүхий гэрээг Монголын талыг оролцуулахгүйгээр “Рио Тинто” компанитай нууцаар байгуулсан гэх асуудлыг УИХ-ын гишүүд хөндөөд буй.

Угтаа, Монголын баялгийг гадны хоёр компани монголчуудад мэдэгдэхгүйгээр хувааж авахаар тохироо хийж, тус компанийн эзэмшилд буй “Жавхлант”-ын талбайгаас ирэх жил олборлолт хийхдээ ашгаа ингэж хуваахаар тохирсон гэсэн үг.

Гэтэл зэс олборлолт явагдаж эхэлсэн л бол хуулиараа АМНАТ болон бусад татвар, нөхөн төлбөр, ногдол ашгаа Монголын талд өгөх ёстой атал “Энэ орд чинь Оюутолгойн бүлэг ордод хамаарч байгаа. Бид бүлэг ордынхоо хүрээнд тэртэй, тэргүй 34 хувийг танайд эзэмшүүлж байгаа учраас дахин тусдаа гэрээ хийх шаардлага байхгүй” хэмээх тайлбар өгөөд сууж буйг улстөрчид ярьж эхлээд байна. Тэгвэл “Онтрэ”-гийн эзэмшилд буй “Жавхлант” хийгээд “Шивээ толгой” гэсэн хоёр лицензийг төслийн хүрээнд хэрхэн ашиглалтад оруулах вэ гэдэг асуудал ч мөн шинэ Засгийн газрын толгойн өвчин болж байгаа.

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга О.Батнайрамдал “Онтрэ нэгэнтээ стратегийн ач холбогдолтой орд учраас үүн дээр төрийн эзэмшлийн хувь тодорхойлогдох, хөрөнгө оруулалтын гэрээ шинээр зурагдах ёстой. Үндсэн хоёр лиценз нь стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.7 “Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд УИХ-аар орж хэлэлцэх ёстой” гэж заасан.

Гэтэл төрийн эзэмшил ойлгомжтой болж тогтоогдоогүй байхад 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Онтрэ гэх компани Оюутолгой компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан хоорондоо хуваах ашгаа 20:80 гэж тохироод зээлийн хүү, бусад борлуулалтын эрх гэх мэтчилэн үндсэн гол агуулгаа баталгаажуулахдаа Монголын талд огт мэдэгдээгүй” гэлээ.

Улмаар, Засгийн газар 2025 оны 170 дугаар тогтоолоор Оюутолгойн бүлэг ордын талбайн хил заагийг шинэчлэн тогтоосон бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй Онтрэ ХХК-ийн эзэмшлийн Жавхлан, Шивээ толгой ордууд нь стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарах хуулийн орчин бүрдсэн гэсэн үг. Ингэснээр Монгол Улс хуулийн дагуу стратегийн 34 хувиа эзэмших, эсвэл АМНАТ хэлбэрээр төлбөр авах ёстой ч Оюутолгойн зүгээс дээр дурдсан энэ бол бүлэг ордод хамааралтай учраас тусдаа гэрээ байх шаардлагагүй хэмээн гэдийсээр байна.