ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

А.Ариунзаяа: Дахин өөрсдөө хурал зарлаж бүлгийн даргаа сонгож гэнэ

O.Admin
4 цагийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг ажлаа хийж чадахгүй байна гэж үзсэн МАН-ын бүлгийн 38 гишүүн өчигдөр өөрсдөө хурлаа зарлаж, улмаар бүлгийн шийдвэрээр багш, эмч нарын цалинг нэмэх шийдвэр гаргахаас гадна бүлгийн даргаа огцруулах улс төрийн шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн.

Улмаар өнөөдөр өглөө тэд мөн л Ж.Бат-Эрдэнэ болон бусад 30 гаруй гишүүдээ үл тоон хуралдаж, бүлгийн даргаараа Төв аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг даргаар томилж буйгаа мэдэгдсэн. 

тэгвэл энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Өнөөдрийн онигоо. Бүлгийн даргаараа Ухнаагийн Отгонбаярыг сонгосон нь нийгмийн шүүмжлэлд өртөж буй тул нөгөө хэд маань Ардчилсан намын бүлэг хуралддаг өрөөнд дахин өөрсдөө хурал зарлан Ж.Батжаргалыг даргаараа сонгосон гэнэ.

Уг нь өнөө өглөө Бүлгийн албан ёсны дарга албан ёсоор зар оруулсан нь "Эрхэм гишүүд ээ. Удирдах зөвлөл 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 15:00 цагаас зарлагдсантай холбогдуулан УИХ дахь МАН-н бүлгийн хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна гэсэн. Харин нөгөөдүүл маань өөр хоорондоо ярилцаж биднийг оруулахгүйгээр дахин хурлаа хийв" гэжээ.