ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Соёлоор довтлох бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг улс төрийн намуудад уриалж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-17

Монгол Улсад 1950-иад оны дунд үеэс эхлэн соёлын хувьсгалыг өргөн хүрээнд эрчимтэй өрнүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж эхэлсэн гэдгийг бидний аав ээж ярьдаг. Ингээд 1959 онд хуралдсан МАХН-ын Төв хорооны III бүгд хурлаар “Хүн амын соёлч боловсон байдлын хэмжээг дээшлүүлэхийн тулд орон даяар соёлын довтолгоон зохиох” шийдвэр гаргаж байжээ. 

Ингээд тусгай сонин гаргаж, мөн ард иргэдийн ахуй амьдралд хяналт тавих тусгай комисс байгуулж эхэлсэн аж. Комиссын гишүүд өрх нэг бүрээр орж усанд орсон эсэх, цагаан хэрэглэлээ угаасан уу, шүдээ угаасан уу, хувцсаа индүүдэж сурсан уу, гудасны завсраа дотуур хувцсаа хийсэн үү, чемодантай хувцсаа эвхэж тавьсан уу гэх мэтээр нарийн ширийн бүх зүйлийг нь шалгадаг байсан гэдэг. Ялангуяа хөдөөгийн малчдад энэ соёлыг нэвтрүүлэх ажилд олон жилийг зарцуулсан бөгөөд бүх нийтээр бичиг үсэгтэн болгох, ЕБС-д хүүхдүүд суралцах хамрах хүрээг нэмэх талаар ажиллажээ. Социализмын үед өрнүүлсэн энэхүү аяны үр дүнд нүүдэлчин монголчууд суурин амьдралд бага багаар дасаж, хувийн ариун цэврээ сахидаг болж, хогоо саванд нь хийж сураад байв. Бүх нийтээрээ бичиг үсэгтэй болсон нь хамгийн том амжилт.

Угтаа “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой”, “Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй нандигнан хайрлаж, тахиж шүтэж байх зүйл маань нэгдүгээрт, нийгмийн өмч, хоёрдугаарт, социалист өмчийг цогцлоон бүрдүүлэгч эх үүсвэр болсон ариун цагаан хөдөлмөр мөн” гэсэн Ю.Цэдэнбал агсны хэлсэн үгийг нийслэл хотын хаа сайгүй хадаж, сурагч бүхэн ягштал цээжилдэг байжээ.

Тиймдээ ч социализмын үед төрсөн бидний аав ээж нар хогоо хогийн саванд нь хийх, гараа тогтмол угаах гэх мэтээр наад захын соёлд суралцсан. Гэвч, соц нийгэм нуран унаж, Монголд ардчилсан нийгэм бий болсны дараа энэ бүхэн дахиад л үнэгүйдсэн гэхэд хэтийдэхгүй. Хүн бүхэн амьдрахын төлөөх тэмцэлд орж, ар гэрээ ч хөсөр хаясан. Үр хүүхдүүдээ эмээ өвөөд нь даатгаж орхиод ганзагын наймаанд явж, гэр бүлээ тэжээхийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байв. Угтаа 1985-1995 онд төрсөн хүүхдүүдийг “орхигдсон” буюу “цонх” үеийнхэн хэмээн нэрлэдэг.

Тэдэнд бага балчраас нь зааж зааварлах ээж аав байсангүй. Өглөө гараад л орой ирдэг, эсвэл гахай үүрч, ганзагын наймаанд явчихсан аав, ээжийгээ хэзээ ирэхийг ч мэдэхгүй дэмий л гадуур тэнэж өссөн тэр үеийнхэн одоо хамгийн их гэмт хэрэгт холбогдож, хүний санаанд нь ч оромгүй хэрэг үйлдэж байна гэсэн судлаачдын дүгнэлт ч үнэнээс хол зөрсөнгүй. Нөгөөтээгүүр, айл нэг бүрээр орж хувцсаа, эсвэл шүдээ угаасныг нь шалгах хүн байхгүйгээс яг л тэр үеийнхэн өнөөгийн нийгэмд хамгийн их шүүмжлүүлж байх юм.

Тэд амьдрал зохиох насандаа ирчихлээ. Нийгмийн шат дамжлага бүхэнд ажиллаж, хөдөлмөрлөж байгаа. Гэлээ гэхдээ хогоо хогийн саванд нь хаях, хүнд гай болохгүй амьдрах, нусаа гудамжинд нийж болохгүй гэдэг наад захын соёл дийлэнх олонхид нь алга. Ерөөс ганц энэ үеийнхэн ч гэхгүй ардчилал Монголд буруу утгаар хөгжсөн 1990 оноос эхлээд л арайхийж нүүдэлчин хэв маягаасаа ангижирч эмхэндээ орж байсан монголчууд эргээд задарч бутарч, зах замбараагүй аашилж эхэлсэн нь худлаа биш юм. Үүнийг олон жишээгээр ярьж болно.

Бод доо, XXI зуун хэдийнэ гарчихаад байхад монголчуудын олонхи нь XX зууны хуучинсаг сэтгэл­гээнээсээ салаагүй, суурин газарт нь ядахдаа ширхэг ч халуун ус байхгүй газар байсаар байгаа. Улсынхаа нийслэлд ч нийтийн бие засах газрын асуудлыг шийдэж чадаагүй байгаа. Захын алслагдсан дүүрэг хороодод ч сардаа эсвэл бараг жилдээ нэг удаа усанд ордог хүмүүс байгаа гэвэл худлаа бичлээ гэж гөрдөх хүн гарахгүй байх аа.

Энэ тухай хэлсэн, бичсэн нь ад болдог цаг ирсэн. Анхлан Философич С.Молор-Эрдэнэ монгол хүн хүний нийгэмд гологдож байгаа тухай ярьж, тэднийг усанд оруулдаг болох талаар ярихад хүн бүхэн шоолсон, инээсэн, дооглож харьцсан. Дараа нь БНН-ын дарга Б.Жаргалсайхан энэ талаар ярихад ч “Энэ нэг балай юм дандаа дэмий донгосч байдаг юм. Усанд орохоо Жагаагаар заалгах уу” хэмээн үл тоосонсон. Тун саяхан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ч телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо энэ талаар ярьж байна билээ.

Зургийн тайлбар: Хамар ихтийн нус их, нус ихтийн хумс их, энэ хүн нэг ихээр нөгөө ихийг цэвэрлэж буй хэмээсэн үг бүхий зурагт хуудас. /1959/
Зургийн тайлбар: Хамар ихтийн нус их, нус ихтийн хумс их, энэ хүн нэг ихээр нөгөө ихийг цэвэрлэж буй хэмээсэн үг бүхий зурагт хуудас. /1959/ 

Хүн бүхэн ядахдаа долоо хоногт хоёр удаа усанд ордог болох ёстой талаар ярьж, үүнийг хэлснийхээ төлөө ад болно гэдгээ ч хэлж байв. Улстөрч хүн бусдад таалагдахын төлөө энэ мэт зүйлийг ярихгүй байж болох байсан ч тэр тэгсэнгүй. Мэдээж өөрийнх нь хэлснээр дором­жил­лоо. Өөрийгөө дөвийл­гөлөө, монголчуудыг нийтээр нь доромжилсон гэх мэт сэтгэгдэл олон байх аж.  Гэвч, эдгээр хүмүүсийн хэлж, ярьж буй бүхэн үнэн гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нь болсон шүү, монголчууд аа. 21 аймаг цаашлаад 360 гаруй сум дотроос ч зориулалтын халуун усгүй сум зөндөө л байгаа.

Дэн буудал, зочид буудлын тухай яриад ч хэрэггүй. Саяхан Улсын гарьд Н.Цэрэнпунцаг Завхан аймгийнхаа цөөнгүй суманд халуун ус барьж өгчээ. Үүнийг хэдийгээр сонгуулийн сурталчилгаа гэж харсан ч бодит байдлаа хүлээн зөвшөөрөх ёстойг л харуулж байгаа юм. Аймаг, сумандаа угтах хаалга барих мөнгөтэй атлаа ганц ширхэг халуун ус барих, зориулалтын хогийн цэг барьчих сэтгэлгүй удирдагч нар улсыг удирдаж байгааг хүлээн зөвшөөрөх цаг нь болсон. Тиймээс иргэдээ соён гэгээрүүлэх, ядахдаа л усанд тогтмол ордог болгох ёстой гэсэн эдгээр хүмүүсийн үгийг хүлээн зөвшөөрье.

Нийтээрээ усанд орж суръя. Нийгмийн сэхээтэн бүлэг гэж байгаа хүмүүс нь хүртэл могойн өндөр, зарааны зураг шэйрлэчихвэл баяжина гэсэн сэтгэхүйтэй болчихлоо. Саранд түрийвчээ даллачихвал баяжина гэсэн мөрөөдөлтэй, элдэв сугалаа, аз үзсэн зүйлийг байнга шэйрлэдэг, үнэгүй зүйл өгч байвал үр хүүхдээ барьцаалсан ч чадах муйхар сэтгэхүй нь өнөө хэр хэвээр байгаа. Мэдээллийн хурдаас хэдэн зуунаар хоцорч, худал үнэн мэдээллээ ч ялгаж чадахгүй хэсэг олон байгааг нуугаад ч яах билээ. Тэднийг соён гэгээрүүлэх нэвтрүүлэг, нийтлэл, ярилцлага хэчнээн бичээд ч уншихгүй.

Ерөөс төрөөс өгдөг хэсэгхэн халамжаараа амьдралаа болгодог, өөрийнхөө таван ханатай гэр дотроос илүү гарч сэтгэж чадахаа больчихоод байна, бидний олонхи нь. Захын гэр хорооллоор дүүрэн ийм хүмүүс байна. Орон гэрийнх нь байгаа байдлыг ярих ч юм биш. Зундаа нийтийн тээвэрт ороход ямар үнэр үнэртэж байдгийг хүн бүхэн мэддэг.

Өнөөдрийг хүртэл нүхэн жорлонгоосоо ангижирч чадаагүй л сууж байна шүү дээ. Тэр ч байтугай арай соёлтой хэсэг нь гэж нэрлэгдэж байгаа орон сууцанд амьдардаг иргэдийн групп руу та хэрэг болгон орж хараарай. Тэнд хог, хулгай, зогсоолын хэрүүл л байдаг. Орцондоо хогоо хаядаг, лифт дотроо бие засдаг, машинаа зогсоолд нь байрлуулж чаддаггүй, орон гэртээ архидаж, шуугилдаж байгаа тухай хэрүүл дүүрэн бий.

Ийм хэрүүл хэдэн мянган хүн амьдардаг хороолол бүхэнд яригдаж байгаа учраас “Соёлын довтолгоо-II” гэгчийг шинэ зуундаа хийх хэрэгтэй болжээ, бид. Улстөрчид үүнд оройлон оролцож, улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө тусгамаар байх юм. Үүнээс ичиж эмээгээд байх шаардлага огтхон ч байхгүй. Биднээс техник, технологийн хурдаараа хэдийнэ хол тасарсан БНХАУ хүртэл ядуурлыг бууруулах томоохон хөтөлбөрийнхөө дараа соён гэгээрүүлэх, соёлын довтолгоог эхлүүлнэ гэдгээ хэлж байгаа.

Тус улс 2020 он гэхэд ядуурлаас бүрэн гарна гэдгээ мэдэгдсэн бөгөөд Хятадын муж, тосгод, том хотуудад хаа сайгүй их бүтээн байгуулалт өрнөж буй. Ууланд цор ганцаар амьдарч байсан цор ганц хятад иргэнд ч энэ бодлого хүрэх бөгөөд нэг хэсэг тариачид нийтээрээ нэгдэж нийлээд бизнес эрхлэх боломжийг бүрдүүлж өгчээ. Тухайлбал, бидний хэсэг сэтгүүлчдэд БНХАУ-д албан томилолтоор ажиллаж, иргэдээ ядуурлаас гаргаж буй төрийнх нь бодлоготой танилцах завшаан өнгөрөгч онд тохиосон юм.

Тус улсын Засгийн газраас тариаланч иргэддээ орлоготой, бизнестэй болгох зорилго тавьж төрийн мөнгөөр барьсан орон сууц олгож эхэлсэн. Айл бүхэн тариалангийн газраа нэгтгэж, зөвхөн нэг төрлийн ногоо тариална.

Тухайлбал, тосгоны тариачид бүгд газраа нэгтгэж киви жимс тариалж, хотынхоо, цаашлаад хятадын томоохон хотуудын зах зээлд нийлүүлэх зэргээр орлогоо нэмэх боломжийг бүрдүүлж өгчээ. Зайсангийн хауснаас ч тохитой эгнүүлэн барьсан орон сууц руу нь ороод үзэхээр өнөөх л бидний шүүмжлээд буй дүр зураг урдаас угтаж байлаа.

Бие засах өрөөнд нь удаан тогтох аргагүй, хоолны сав нь хаа сайгүй ундуу сундуй, хувцсаа угаагаагүй гэх мэтээр олон жил шавар байрандаа амьдраад сурчихсан тариачид орон сууцанд амьдарч суртлаа овоо хэдэн жил зарцуулах нь тодорхой харагдаж байлаа. Тэгвэл тус улсын зүгээс ядуурлыг бууруулах хөтөл­бөрөө хэрэгжүүлж дууссаны дараа иргэдээ соён гэгээ­рүү­лэх чиглэлд дараагийн хөтөл­бөрөө хэрэгжүүлж эх­лэ­хээр болжээ. Угтаа хэр­хэн чинээлэг амьдрах вэ гэдэг хөтөлбөр юм билээ. Орон сууцанд яаж оршин суух, гэрээ хэрхэн цэвэр­лэж, хоолоо яаж хийж идэх, соёлт нийгэмтэй хэрхэн да­сан зохицох тухай том бод­логыг улс орон даяар хэрэг­жүүлнэ хэмээн ярьж байлаа.

Тэгэхээр бидний бичээд байгаа энэ олон асуудал бусад улс орнуудад ч байдаг гэсэн үг. Гэлээ гэхдээ тэд дахин сонгохгүй болчих вий, иргэдээ доромжилсон хэрэгт орох вий гэдгээс айхгүйгээр төрийн бодлого гаргаад тэмцэж байна. Харин манайх бол үнэн үг хэлснийгээ адалж, шоолж, улстөрчид нь энэ тухай ярихаас ч эмээдэг. Гэвч соёл иргэншилтэй хөл нийлүүлэн алхахыг хүсч байгаа л бол соён гэгээрүүлэх, соёлоор довтлох нь нэн тэргүүний хийх ажил болоод байна гэдгийг хаа хаанаа ухаарч, улс төрийн намууд энэ талаар бодлого гаргаж, мөрийн хөтөлбөртөө тусгаарай хэмээн уриалж байна.