УИХ-ын дэргэдэх Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн, дөнгөж сая шийдвэрээ танилцуулав.
Энэ талаар тус Дэд хорооны дарга, Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэхдээ “Халдашгүй байдлын дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаарх Улсын Ерөнхий прокурорын саналыг дэмжлээ.
Мөрдөн байцаалтын ажиллагааны нууцтай холбоотойгоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн Н.Номтойбаяр гишүүнийг тойрсон хардлага их байгаа. Энэ асуудлуудыг шалгахад УИХ-ын гишүүний халдашгүй байдал саад болж байгаа гэсэн асуудал байгаа учраас түдгэлзүүлж байгаад шалгуулж, нэр төрөө цэвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” гэв. Асуудлыг үргэлжлүүлэн Байнгын хороо болон УИХ-ын чуулганаар эцэслэх бөгөөд одоогоор чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Мөн энэ асуудлыг өнөөдөр МАН-ын бүлэг хаалттай хуралдаж ярилцсан юм.