ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-22

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ. Хуралдааны явцад ижил маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 1993 оны дөрөвдүгээр дүгнэлт, 1996 оны 02 дугаар тогтоол, 2007 оны 11 дүгээр дүгнэлт, 2012 оны 26 дугаар магадлал нь хүчин төгөлдөр хэвээр байна гэж үзээд нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу үүсгэсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг магадлал гаргаж хэрэгсэхгүй болгосон байна. Мөн хуралдаанаас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө …” гэсэн заалт, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтын “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт болон Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.