Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 25-нд орон даяар явагдсан билээ. Энэ удаагийн нөхөн болон дахин сонгууль 11 аймгийн 29 сумын 43 хэсэгт болсон юм. Мөн уг сонгуульд 83 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 23477 сонгогч санал өгчээ.
Тэгвэл нөхөн сонгуулийн санал хураалт зарим суманд хүрээгүй юм. Түүний нэг нь болох Сэлэнгэ аймгийн Сайхан суманд дахин санал хураалт болж, АН-ын хоёр нэр дэвшигч ялалт байгуулжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын төлөөлөгч сонгох нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэгдүгээр багт нэр дэвшсэн Б.Мөнхтөр, хоёрдугаар багт нэр дэвшсэн С.Ганхишиг нар нийт сонгогчдын дийлэнх олонхийн саналыг авч ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдов. Тус аймагт Ардчилсан намд итгэх иргэдийн итгэл өссөн байна.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тухайд Хөтөл 1-р баг, Гавшгай 2-р багт нөхөн сонгууль явагдсан. Энэ хоёр багт МАН, АН, болон бие даагч зургаан хүн нэр дэвшсэн юм. Хөтөл 1-р багт 1960 хүн, Гавшгай 2-р багт 2890 хүн сонгогчийн нэрсийн жагсаалтад нэр нь бүртгэгдсэн учраас гурван сонгуулийн байр албан ёсоор иргэдийнхээ саналыг хүлээн авчээ.
Тус сумын хувьд энэ сарын 25-нд санал хураалт явагдахад оройн 20.00 цагийн байдлаар нийт санал өгөх иргэдийн ердөө 40 хувь нь саналаа өгөөд байгаа мэдээтэй байсан бөгөөд улмаар дахин сонгууль явуулахаас өөр аргагүй болсон юм.