ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ын фракциудын эв нэгдэл “Х.БАТТУЛГА” гэсэн эрх ашиг дээр нэгджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-01-05

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар намаа ялагдалд хүргэж, уучлалт гуйсаар намын тамгаа хүлээлгэн өгсөн С.Эрдэнэ хэдхэн сарын дараа дахин өндийж, өрвөлзөж  эхлэв. Энэ удаа илүү ууртай, зоригтой дайралт хийж байна. Угтаа, “АН-ын дүрмийн ёсоор дараагийн намын дарга тодрох хүртэл би намын дарга хэвээрээ байгаа. Үндсэн дүрмийн дагуу манай намд үүрэг гүйцэтгэгч дарга гэж байхгүй учраас Ц.Туваан гэгч нь дураар дургиж байна” хэмээн мэдэгджээ. Өөрийнх нь дэргэд ойр шадарлаж, бүтэн дөрвөн жил гүйчихээд эцсийн мөчид өөр нэг хүчтэй удирдагч руу урваж одсон Ц.Тувааныг байх ёстой байранд нь буцаана хэмээн ярив, тэр. Өдөр өнжихгүй хэвлэлийн хуудаснаа гарч, өөрийн намын доторх бузар булхайг уудлах энэ их эр зоригийг хагас жилийн хугацаанд хаанаас олж авсан нь сонин. Учир нь түүний удирддаг “Шонхор” фракци тийм ч хүчтэй байж чадахаа больчихсон. Намын даргын ширээнийхээ ард хундага вискитэй цор ганцаар үлдсэн тохиолдол ч С.Эрдэнэд бий. Хоёр ч удаагийн том ялагдлын дараа үнэнч дагагчид нь орхиод явсан нь нэгэнт тодорхой байсан билээ. “Ганц дайчин ганцаардахгүй” хэмээн тэмцэж байна уу гэвэл өрөөсгөл болох биз ээ. Тиймээс л С.Эрдэнийг хурцлах, Х.Баттулгын багийн өмнөөс тулаанд оруулах томоохон татаас, түлхээс байсан нь нэгэнт тодорхой болов.

 

...Намын даргын ширээнийхээ ард цор ганцаар үлдсэн тохиолдол ч С.Эрдэнэд бий. Хоёр ч удаагийн том ялагдлын дараа үнэнч дагагчид нь орхиод явсан нь нэгэнт тодорхой байсан билээ. “Ганц дайчин ганцаардахгүй” хэмээн тэмцэж байна уу гэвэл өрөөсгөл болох биз ээ...

 

Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нам дотроо өөрийгөө Ерөнхийлөгчид өрсөлдүүлнэ гэдгээ мэдэгдсэн нь Х.Баттулгын талынханд “гэнэтийн цохилт” боллоо. Тиймдээ ч “Монгол ялна” автортай тролл багийнхан маш хүчтэй ажиллаж, америк нөхөртэй, харийн тагнуулчийн эхнэр төрийн сэнтийд суух нь хэмээн харлуулах ажилдаа хэдийнэ оржээ. Өрсөлдөгч намд нь энэ бол бэлээхэн өгөөш болж байна. Өвөр зуураа хэмлэлдэх тусмаа л ардчиллын хүч саарах учраас гал дээр тос нэмэх төдийхнөөр хэмлэлдээнийг нь дэврээж, алга ташин хөгжөөж суугаа нь дамжиггүй. Угтаа, УИХ-ын сонгуулиар өрсөлдөгчийг нь дэмжин, намаа ялагдуулж, үүний үр дүнд нэг мөр дарж авлаа хэмээн хөөрч байсан АН-ын бусад фракциуд Х.Баттулгын толгойлсон МоАХ фракцийн эсрэг хүчээ нэгтгэсэн нь С.Эрдэний хүчтэй шүүмжлэл, Ц.Оюунгэрэлийн гэнэтийн мэдэгдлээс харагдаж эхэлжээ. Энгийнээр хэлбэл, Ардчилсан намд яг одоо “Х.Баттулга ба бусад” гэсэн тулаан өрнөж эхлэв.

Хэрвээ Х.Баттулга энэ оны тавдугаар сараас өмнө намдаа нөлөөллөө тогтоож, Намын Их хурал болон ҮБХ-ны гишүүдээ өөрийн фракцийн болон тойрон, хүрээлэгч дэмжигчдээр бүрдүүлж чадахгүй л бол Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд унах магадлал өндөр. Ц.Оюунгэрэлээс өөр дахиад нэг өрсөлдөгч ч гарч ирэх магадлалтай. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн фракцийнхан ажлаа хүлээн авсан даруйдаа “Х” Их хурлыг хуралдуулж, шинэ оны өмнөхөн намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүхэд бүртгүүлэхээр өгчээ. Гэтэл С.Эрдэнэ намын дарга байх үед АН-ынхан гурван жил гаруйн хугацаанд 21 аймаг, 330 сум, 172 үүр хороогоор хэлэлцүүлж, 2019 онд Үндсэн дүрмээ баталж байсан түүхтэй. Нэгхэн жилийн дараа л АН-ын Үндсэн дүрэм ямар ч хэрэггүй хог болсон гэхээр Х.Баттулга тоглоомын дүрмээ зохиож байгаа нь нэгэнт тодорхой болжээ гэсэн үг. МоАХ нь бусад фракциуд шиг баталгаатай хөлтэй фракци биш. Тэр тусмаа орон нутагт. Тиймээс л С.Эрдэнийн үед бүрдсэн ҮБХ-г нэн яаралтай өөрчлөх, Их хуралд өөрийн фракцийн нөлөөллөө тогтоох нь хамгийн чухал ажил болчихоод байгаа юм. Хууль бусыг ч үл тоон онлайн хурал хийж, Дээд шүүхэд бүрдүүлсэн өөрийн хүчээ ашиглан нэгхэн жилийн өмнө баталсан Үндсэн дүрмийг өөрчилж, өөрт ашигтай хувилбар боловсруулах шаардлага тулгарчээ.

 

...МоАХ нь бусад фракциуд шиг баталгаатай хөлтэй фракци биш. Тэр тусмаа орон нутагт. Тиймээс л С.Эрдэнийн үед бүрдсэн ҮБХ-г нэн яаралтай өөрчлөх, Их хуралд өөрийн фракцийн нөлөөллөө тогтоох нь хамгийн чухал ажил болчихоод байгаа юм...

 

Ерөнхийлөгч Х.Баттулга хэдийгээр 2017 онд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөртөө хамгийн их дайсан бэлтгэсэн. Өнөөдрийн байдлаар МоАХ тулааны талбайд цор ганцаар хүчтэй ганц “сэлэм”-нээс өөр зэвсэггүй зогсож байна. Харин Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Д.Сосорбарам зэрэг АН-ын хүчтэй лидерүүд нь нэг талдаа гарсан нь тодорхой болчихлоо. Тэдний нөлөө өнөөдөр ч АН-д хүчтэй хэвээр бий, тэр тусмаа дунд, доод шатандаа. МҮДН-ынхан олон гэмгүй лидерүүдээ шоронд явуулсан “хорслоо” Х.Баттулгаас авахыг хүсэж буй. Н.Алтанхуягийн толгойлдог “Алтан гадас” ч намдаа эргэж нөлөөллөө тогтоох, тоглоомын дүрмэнд оролцогч байхыг хүсэж байна. Ц.Элбэгдорж, М.Энхболд буюу нам дамжсан бүлэглэл ч Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрыг ямар ч үнээр хамаагүй унагахыг хүсэж байгаа. Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр тэргүүтэй “Нэг үе-Ардчилал”-ынханд ч Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжих, дахин нэр дэвшүүлэх шалтгаан үлдээгүй. Да.Ганболд буюу ХХБ-ны нөлөөтэй улстөрчдөд ч Х.Баттулгын эсрэг зогсох эрх ашиг хангалттай их байна. Тиймээс л цаг ямагт эрх мэдлийн төлөө зөрчилдөж байсан АН-ын фракциудын эв нэгдэл “Х.БАТТУЛГА” гэсэн эрх ашиг дээр нэгдэж, С.Эрдэнийг өмнөөс нь сөргүүлж, шинэ дүрмийг гацаах, хугацаа хожих, Ц.Оюунгэрэлийг өрөг дээр гаргаж ирэн эсрэг нүүдэл хийх, хүч тарамдуулах улс төрийн тоглолт явуулж эхлэв. АН-д өнөөдөр ид өрнөж буй зөрчил, тэмцэлдээн буюу С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл хоёрын улс төрийн шийдвэр, мэдэгдэл зөвхөн эхлэл. Цаашдаа илүү их үзүүштэй, олон янзын улс төрийн тоглолт өрнөх учраас коронагийн хажуугаар бид “АН-ын фракциудын зодоон” гэх сонирхолтой драмыг Ерөнхийлөгчийн сонгууль дуустал үнэгүй үзэх боломж ирлээ. Харин энэ цувралыг чив чимээгүй үзэж суугаа МАН-ын тухайд Х.Баттулгад сул өрсөлдөгч шидэж өгөх үү, эсвэл зодооныг өөрт ашигтай эргүүлэх үү гэдэг нь тунчиг сонирхолтой байх нь ээ.