Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, Төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн саналыг сонсож байна. Энэ үеэр Монголын шилдэг татвар төлөгчид, эдийн засгийн амин судсыг атгасан томоохон компаниудын төлөөлөл үг хэлж, Засгийн газар болон УИХ бодлогын түвшинд цаашдаа ямар ажил хийх талаар байр сууриа илэрхийлэв. Тэдний төлөөллийн үгийг тоймлон хүргэж байна.
MCS группын Ерөнхийлөгч Ж.Оджаргал:
-Манай эдийн засаг зэс, алт, нүүрс, цайрын орлогоос бүрддэг. Ерөнхий сайдын үгнээс хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж ойлголоо. Зэс, алт нийлээд хоёр тэрбум ам.долларын экспорт хийдэг. “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга”-ын төсөл хэрэгжсэнээр зэс, алтны борлуулалт өснө. Мөн Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орвол төмрийн хүдрийн экспорт өснө. Нүүрс хоёр тэрбум ам.долларын орлого авчирдаг. Одоо нүүрсний үнэ оргил үедээ байна. Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтын терминалыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага бий.
Ингэснээр нүүрсний орлого 3-4 тэрбум ам.долларт хүрэх боломжтой. Үүнийг дагаад өрийн босго 60 хувиар нэмэгдэнэ. Төр хувийн хэвшил хамтран ажиллах гэж байгаа бол Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаа эерэг нөлөө үзүүлдэг. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар эдийн засгийн нэг цонхны бодлого явуулах болсныг баяртайгаар хүлээн авч байна. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн экспортод ихээхэн нөлөөтэй салбарууд. Эдгээр салбарыг төрөөс дэмжих юм байна гэж ойлголоо. Худалдааны санхүүжилтийн хэрэгслийг хурдан шийдвэл том төслүүдэд Засгийн газрын баталгаа чухал үүрэгтэй.
"Шунхлай групп"-ын Ерөнхийлөгч П.Батсайхан:
-Миний харж байгаагаар цар тахлын дараа дэлхий хоёр хуваагдана. Нэг талаас цар тахлыг амжилттай даван туулсан, нийгэм эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийж дасан зохицсон улс орнууд. Нөгөө талаас цар тахлын өмнө сөхөрсөн, эдийн засаг нь туйлдсан, иргэдийн амжиргаа нь доройтсон улс орнууд гэж хоёр хуваагдана. Энэ сорилтыг даван туулах үүрэг даалгавар монголчууд бидний өмнө ирээд байна. Аливаа шинэчлэлийн 50 хувь нь удирдагчийн манлайллаас шууд шалтгаалдаг. Үүнийг төр бизнесийн алтан дүрэм хэмээн бид хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол Улсын нийгэм эдийн засаг энэ эгзэгтэй үед тэсэж үлдэх нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын манлайллаас шууд хамаарна. Бидний цөөхөн монголчууд нам болж талцах, бүлэг фракц болж хуваагдах, мэргэжлийн амбийц гарган хүнд суртал үзүүлж боомилох, нутаг усаараа талцах нь хөгжлийн чөдөр тушаа болно. Төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтнууд сошиал орчинг даган богино хугацааны нэр төр хөөцөлдсөн шийдвэр гаргаж болохгүй.
“Тайж” группын Ерөнхийлөгч Б.Ганпүрэв:
-Махны экспортыг төр бодитой дэмжих цаг болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та хамгийн хүнд үед ажиллаж байна. Энэ хүнд үед тогтвортой байдал маш чухал. Тиймээс одоо бүгдээрээ улс төрөө хойш тавиад бүх шатандаа хамтран ажиллая.
Монголын Ажилчдын холбооны нэгдсэн төвийн захирал Н.Ганзориг:
-Аливаа байгууллагын амин сүнс нь ажилчин. Энэ салбарыг орхигдуулж, бүтээн байгуулалт хийж буй залуусаа төр мартсан байна. Энэ хүмүүсээ төр дэмжиж, анхаармаар байна. Ажилчин ангиа дэмжих бодлого алга. Ажилчингүй үйлдвэр, компани гэж байхгүй. Ялангуяа барилгын салбарын хэдэн ажилчнаа архичин гээд зарлаад хаячихсан. Уул нь аливаа байгууллагын амин сүнс нь ажилчин. Энэ салбарыг орхигдуулж, бүтээн байгуулалт хийж буй залуусаа төр мартсан байна. Энэ хүмүүсээ төр дэмжиж, анхаармаар байна. Хөдөлмөрийн хуулиа зөрчиж цалин өгдөггүй. Цалингаа авах гэхээр шүүхэд өгдөг, хүн дарамталсан хэргээр шалгуулдаг. Цүнх барьдаг намчин залуус тендер будлиантуулдаг. Шавар шавхайтай залуус чинь бүтээн байгуулалт хийдэг юм. Бүгдийг нь архи уудаг гэж зарлаад байна. Архи уудаггүй залуус байгаа шүү. Та нарын дотор байгаа л бодол шүү. 2-3 сая төгрөгийн цалин авдаг залуус ажлаа голоод гадагшаа гараад явчихлаа. Одоо Монголдоо үлдсэнийг нь дэмжээч ээ.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр:
-ЖДҮ эрхлэгчид цар тахлын энэ үед амаргүй цаг хугацааг туулж байна. Гурван хувийн хүүтэй зээлийг ирэх оноос нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, зөвхөн ЖДҮ, үйлчилгээний салбар руу тусад нь гаргаж өгөхийг хүсэж байна. Тэгвэл 50 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, 40 мянган ажлын байр хадгалагдаж, 400 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрнө гэсэн тооцоо судалгаа бий.
Монголын Хүнсчдийн холбооны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва:
Малын бэлчээр, тариалангийн талбайгаас хэрэглэгч хүртэлх оролцогч талуудтай манай холбоо уулзаж, саналаа нэгтгэсэн. Өнөөдөр хүнсний хангамжийн 45 хувийг импортоор авч байна. Хүнсний бие даасан байдал алдагдсан. Бид хүнсний үйлдвэрлэл, цаашдын чиг хандлагаа тодорхой болгох ёстой. Энэ салбарт 580 мянган хүн ажиллаж байна.
Худалдааны тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Түүхий эд бэлтгэхэд гадна, дотнын зээл, тусламжаар дэмжвэл бид дотооддоо гурил, сүү, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний хэрэгцээгээ 2030 он гэхэд 80-100 хувь хангаж чадна.
Эмийн холбооны Гүйцэтгэх захирал И.Балжинням:
Ерөнхий сайд тээврийн зардал 3-6 дахин нэмэгдсэн гэж хэлж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн 40-60 хувь нь Замын-Үүд боомт буюу Тяньжинаар орж ирдэг. Таньжинд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад эм, эмнэлгийн хэрэгсэл 3-6 сараар гацаж байна. Бид наадмын өмнө зөвхөн эм, эмнэлгийн хэрэгсэл татдаг коридор гаргаад өгөөч гэж хүссэн. Эмгүйгээр ямар ч эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломжгүйг та бүхэн мэдэж байгаа байх. Дараа нь санхүүжилтийн асуудал. Тендерт өгсөн эм, эмнэлгийн хэрэгслийн өглөгийг яаралтай шийдэж өгөөч гэж хүссэн ч мөн л дорвитой арга хэмжээ авсангүй.
Эмийн бүтээгдэхүүний төлбөрийг 100 хувь төлж авдаг учраас арилжааны банкны зээлээр л асуудлыг шийдэж байгаа. Энэ талаар ч тодорхой буюу бага хүүтэй, хүүгүй зээлээр санхүүжүүлэх талаас дэмжлэг үзүүлээч гэж хүссэн. Шийдвэр огцом гарч байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт арбидолыг ковидын эмчилгээнээс хассан байна лээ. Гэтэл шийдвэр гаргадаг гурван гол байгууллага нь мэдээгүй. Гэтэл эмийн байгууллагуудыг нөөц бүрдүүл гэсэн учраас 3.5 тэрбумын эмийн нөөц, долоон тэрбумын гэрээ хийгдчихсэн эхнээсээ татан авалтаа хийгээд эхэлчихсэн байлаа. Эмчилгээний практикаас хасагдсан учраас 10 гаруй тэрбум төгрөгийн эм хог болж байна. Ийм огцом шийдвэр гаргаж болохгүй ээ.