ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хойд бүсийн хөгжлийг таван үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцэнэ

O.Admin
6 цагийн өмнө

Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдааны хүрээнд үндсэн таван салбар хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

Тухайлбал,

-Хойд бүсийн хөгжил-2040 салбар хуралдаанаар:Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр /Хойд бүсийн хөгжил-2040/ дунд хугацааны бодлогын баримт бичгийн төсөлд иргэд, олон нийтийн санал авах, бүсийн онцлог давуу тал, нөөц боломж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн талаар;

-Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд салбар хуралдаанаар: Хойд бүс нутагт бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, баялаг бүтээгчдийг дэмжих, бүсэд татварын ялгаатай бодлого хэрэгжүүлэх боломжуудын талаар;

-Бүсийн зөвлөл, эрх зүйн орчин салбар хуралдаанаар: Бүс нутгийн төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих бодлогыг тодорхой болгох, бүс нутгийн хөгжлийн удирдлагад орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төвлөрлийг бууруулах чиглэлээр өөрчлөлт оруулах, орон нутгийн захиргааны байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, сургалт болон техникийн дэмжлэг үзүүлэх замаар удирдлагын төвлөрлийг бууруулах асуудлыг нарийвчлан тусгах зэрэг, бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг зохицуулах, удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар;

-Бүсийн онцлог-харьцуулалт салбар хуралдаанаар: Орон нутгийн зорилттой уялдуулан бүсийн аймгууд, орон нутгийн хөгжлийн төв, түүнд таталцах сумдын эдийн засгийн чиг үүрэг, тэдгээрийн тэргүүлэх нөөц, боломжийг тодорхойлж, бүсийн төрөлжилт, хоршилт, дагналт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, нийлүүлэлтийн сүлжээг нэмэгдүүлэх гарц, боломжийн талаар;

-Амьдралын чанар, тулгамдсан асуудал салбар хуралдаанаар: Бүсийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгмийн үзүүлэлтүүдийг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж, иргэд бүс нутагтаа сэтгэл хангалуун амьдрах нөхцлийг бүрдүүлэх боломжуудын талаар тус тус хэлэлцэж байна.

Дээрх салбар хуралдаанаас гарсан санал зөвлөмжүүдийг “Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-нд тус бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд танилцуулж, Засгийн газар тогтоол шийдвэр гаргана.