Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун болон Улсын харцага Н.Батзаяа, төрийн байгууллага хийгээд хуулийн албан тушаалтан нарт байр авахаар мөнгөө өгч хохирсон гэх иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тухайлбал, Шинэ яармаг, Буянт-Ухаа-2, Туул зэрэг хороололд байранд оруулж өгнө хэмээн иргэдийг залилсан хэмээн тэд мэдэгдлээ.
Хохирогч залуу хэлэхдээ “Бид Хан-Уул дүүргийн 1, 2 дугаар хэлтэст өргөдөл гаргасан. Гэсэн ч эргээд холбогдоно гэж хэлээд алга болчихдог. Мөрдөн байцаагч нь утсаа авдаггүй. Н.Булган гэж байцаагч дээр байсан ч одоо солигдчихсон юм шиг байна лээ. Би байрандаа ороод жил ч болоогүй жинхэнэ эзэд нь гараад ирсэн. Тэгээд л хулхидуулсан гэдгээ мэдсэн. Байранд орохдоо урьдчилгаа мөнгө гэж 30 сая төгрөг өгсөн. Ард нь нэр нөлөө бүхий хүмүүс байгаа гэж мэдэгдсэн ч нэрийг нь хэлж болохгүй байна. Хувь хүний аюулгүй байдал гэж зүйл бий. 30 орчим хүн байгаа” хэмээлээ.
Мөн өөр нэг хохирогч “Хуульзүйн яамны гадаа зогсож байгаа нь энэ яаманд ажилладаг Ш.Энхжаргал гэж хүүхэн хамаатай учраас тэр юм. Би яаманд ажилладаг. НОСК, ТОСК-ийн байр буюу өндөр настай иргэдэд олгодог байрны шугамаар оруулна гэж биднээс мөнгө авсан. Өнгөрсөн оны тавдугаар сард өгсөн ч арваннэгдүгээр сард хулхидуулснаа мэдэгдсэн.
Нас барчихсан гэж хэлсэн. Би 200 сая төгрөг өгсөн. Одоо бол үндсэндээ гудамжинд гарсан даа. Байцаагч нар нь байсхийгээд л солигддог. Төрийн томчууд байгаа учраас бидний мөнгө олдохгүй, хэрэг гацчихсан уу гэж бодож байгаа. Бидэнд ахалсан хүн ч алга. Хохирсон иргэд нэгдээд л бичгээ Хуульзүй, дотоод хэргийн сайдад өгөх гээд явж байна. Хуульзүйн яамны мэргэжилтэн биднийг залилсан учраас төр ажлаа хийх байх гэж найдаж энд зогсож байна.
Араас нь дагаж асуудал үүсгэж байгаа учраас бид маск, нүдний шил зүүж, нэр усаа хэлэхгүйгээр явж байна. Хохирлын дүнгээ тавиад, өргөдөлдөө гарын үсэг, утсаа тавьсан учраас тэр хүмүүс шийдээд өгөх байх. Ш.Энхжаргал дороо 4-5 хүн ажиллуулдаг. Тэгээд тэр хүмүүс нь мөнгө шилжүүлэх хүнийг олоод Баттулгын Намуун гэсэн данс руу мөнгөө шилжүүлдэг. Тэр хүн мөн эсэхийг хуулийнхан өөрсдөө шалгах ёстой байх. Б.Намуун өөртөө хамаагүй гэж мэдэгдэл гаргасан. Голомт банкны мэдэгдэл гаргасан. Гэтэл Х.Баттулга чинь өөрөө Шинэ Яармаг төсөлтэй хамааралтай хүн биз дээ. Бид хардах эрхтэй” гэлээ.
Мөн өөр нэг хохирогч "Залилагчдад боломж олгохгүй байх, олон өөр хүмүүс залилуулахаас сэргийлж дуу хоолой болохыг хүсэж байна. Хадам ээждээ би байр авч өгөх гэж залилуулсан. Төрийн албан хаагч, цагдаа гээд хохирогч олон бий. Юу ч дуугарч чадахгүй хүмүүс байгаа. Улсын харцага Б.Батзаяа гэж хүн ч холбоотой юм билээ. Доор нь байгаа хүмүүсийн данс руу мөнгө орж байсныг шалгахгүй байна. 88114146 гэдэг залилан хийж байсан дугаарыг ч шалгахгүй байна шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийллээ.