Сонгуулийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль, аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулахад шаардагдах төсвийг 390 633 135 /гурван зуун ерэн сая зургаан зуун гучин гурван мянга нэг зуун гучин тав/ төгрөг байхаар УИХ-аас баталжээ.
Улмаар Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт энэ оны зургадугаар сард даалгаад байсан юм. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Засгийн газрын нөөц сангаас гаргах 390 гаруй сая төгрөгийн 228.1 сая төгрөгийг УИХ-ын гишүүнийг сонгох 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд, 162.5 сая төгрөгийг Булган, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Орхон, Хэнтий, Завхан, Говь-Алтай аймагт тус тус болох орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулиудад зарцуулахаар хувиарлав.
Б.Тогтох