ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Энхбаяр: Хөгжлийн банкны шалгалтын дүнг олон нийтэд мэдээлж болохгүй

O.Admin
2023-02-06

УИХ-аас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр эхэллээ. Эхний өдөр Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг сонсож байна. 2016 онд анх Хөгжлийн банканд тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийж байсан юм. Гэвч шалгалтын дүнг албаар нууцалсан гэсэн шүүмжлэл гарсан юм. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үүнтэй холбогдуулан сонсголд гэрчийн байр сууринаас оролцож мэдээлэл өглөө.

Тэрээр "Миний хувьд 2016 оны наймдугаар сарын 8-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдож ажилласан. Томилогдсоноос хойш хоёр хоногийн дараа Хөгжлийн dанкны асуудлыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Шалгалтын ажлыг 21 хоногийн хугацаанд хийж, Засгийн газарт танилцуулах удирдамж батлагдсан. Тус ажлын хэсэгт Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас төлөөллөөс бүрдсэн 24 хүний бүрэлдэхүүн багтсан. Тухайн үеийн шалгалтын дүнгийн асуудлаар Засгийн газарт гурван удаа танилцуулга хийсэн. Засгийн газрын хуралдаанд ажлын хэсгийн тайланг танилцуулахад хаалттай байдлаар сонсох шийдвэрийг тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнбат гаргасан. 2016 оны есдүгээр сард тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар АНУ-д ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт Монгол Улс орох хэлэлцээр байгуулахаар ажиллаж байлаа.

Ажлын хэсгийн шалгалтаар Хөгжлийн банкны 43 арга хэмжээний 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн. Хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой материалыг хүргүүлсэн. Одоогоор уг асуудлаар хуулийн байгууллагаар орж, хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Үндсэндээ Хөгжлийн банк дампуурсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нөхцөл байдал нь манай улсыг ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт ороход саад учруулж болзошгүй гэдэг асуудлаас үүдэн ажлын хэсгийн шалгалтын дүнг Засгийн газар хаалттайгаар хэлэлцсэн. Хаалттай хэлэлцсэн учраас нууцын тамга тавигдсан юм. Хөгжлийн банкны шалгалтын дүнг олон нийтэд мэдээлж болохгүй нөхцөл байдал үүссэн. Эхний шалгалтын дүнг Засгийн газарт танилцуулахад үргэлжлүүлэх чиглэл өгсөн юм. Монгол Улс даяар хийгдсэн 370 төсөл арга хэмжээг 20 хүнтэй ажлын хэсэг 21 хоногийн хугацаанд шалгах боломж байгаагүй. Тиймээс энэ шалгалтын ажлыг тухайн үеийн сайд нар эрхлэх ажлынхаа хүрээнд үргэлжлүүлж шалгах ёстой гэсэн шийдвэр гарсан" гэв.