ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Орон нутагт хэрэгжих ипотекийн гурван хувийн зээл хүсэгчдэд тавигдах шалгуур

O.Admin
2023-03-20

Орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэд ипотекийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдаж, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг нь төр батлан даах талаар өмнө нь бид мэдээлсэн билээ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх эх үүсвэрийг ирэх оны төсөвт суулгаад буй.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан  хэлэхдээ "Орон нутагт ипотекийн зээлийг гурван хувь хүртэл буулгана. Зөрүүг нь татаас хэлбэрээр олгох бодлогын эх үүсвэр ирэх оны төсөвт суусан.  Тухайн иргэн орон нутагт очоод, шилжилт хөдөлгөөнөө хийлгээд, тэндээ зээлээ төлөх хугацаанд ажиллах тогтвортой ажлын байртай болж энэ бүхнээ нотлох юм. Ингэснээр төсвийн мөнгө гарна. Хэрэгжилт нь бодитой байх ёстой.

Орон нутагт байр авсан хэрнээ буцаад яваад байж болохгүй. Хүүхдүүд нь ерөнхий боловсролын сургууль, сургууль өмнөх боловсролын байгууллагад бүртгэлтэй, тогтсон ажилтай зэрэг олон зүйлийн гүйцэтгэлд төрөөс хянаж оролцох ёстой. Төсвийн мөнгө болгон бодлогоо онох хэрэгтэй. Тэгэхээр мөнгө нь төсөвт суусан учир орон нутагт ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгох бодлого хэрэгжинэ гэсэн үг" гэлээ.  

Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны А-295 дугаар тушаалаар баталсан Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын нөхцөл, Арилжааны банкнаас тавигдах шаардлагын загварыг Монголбанкнаас гаргажээ. Зээл эхлэх хугацааг удахгүй мэдээлэх бөгөөд иргэд та бүхэн бэлтгэлээ хангаж, хүлээцтэй хандана уу хэмээн Монголбанкнаас мэдэгдлээ.