ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Даваасүрэн: Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгаа төрөлжүүлэх нь чухал байна

O.Admin
1 цагийн өмнө

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Төрийн алба, албан хаагчдын хөрөнгө оруулагчтай харилцах стандарт” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ даваа гарагт  нээлтээ хийж, “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр зохион байгуулагдсан билээ. 

Арга хэмжээг нээж, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хэлсэн үгэндээ төрийн албан хаагчдын ёс зүй, хандлага, харилцааны соёл нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх үндсэн хүчин зүйл бөгөөд төр, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтойг дурдсан. Тэгвэл долоо хоног үргэлжлэх уг арга хэмжээ Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтаар үргэлжлэв. энэ үеэр холбогдох албаны хүмүүсийн илэрхийлсэн байр суурийг тоймлон хүргэе. 

С.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтын орчиндоо нэлээд том өөрчлөлтүүдийг хийлээ

/Эдийн засаг, хөгжлийн дэд сайд/

-Монгол Улсын Засгийн газраас жил бүр хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд Эдийн засаг хөгжлийн яамнаас хариуцан зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалтад 10 гаруй элчин сайд, мөн 10 гаруй олон улсын санхүүгийн байгууллага, олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн. Уулзалт үндсэндээ дөрвөн гол чиглэлийн хүрээнд асуудлаа ярилцахаар төлөвлөөд байна. Манай улс хөрөнгө оруулалтын орчиндоо нэлээд том өөрчлөлтүүдийг хийж, хуулиа УИХ-д өргөн бариад байна. Иймээс бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ярилцана.

Бас нэг гол асуудал бол төр хувийн хэвшлийн түншлэл. Өнгөрсөн онд төр хувийн хэвшлийн түншлэлийн үйл ажиллагааны дагаж мөрдөх хуульдаа өөрчлөлт оруулах, аль болох үйл ажиллагааны шат дамжлагыг цөөлөх, мөн тендерийн үйл ажиллагаатай холбоотой хугацааг богиносгох чиглэлээр нэлээд өөрчлөлтүүдийг оруулсан.

Төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бизнесийн үйл ажиллагаанд таатай нөхцөл болно гэж харж байна. Дараагийн нэг чухал асуудал бол худалдаа, интеграц.  Эдийн засаг хөгжлийн яамнаас худалдааны тухай анхдагч хуулийг санаачлан боловсруулалтад ажиллаж байна. Энэ хүрээндээ санал санаачилга авах, санал солилцох ажлуудыг бэлтгэж байна.

Манай улсын хувьд хамгийн тулгамдаж буй асуудлын нэг бол эрчим хүч. Энэ тухайд томоохон хөрөнгө оруулалт татахаар ярилцаж байна. Хөгжлийн түншүүдийн хувьд ямар хөрөнгө оруулалт хийх талаар нээлттэй ярилцахаар энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулж байна. Дэлхий дахинаа аливаа нэг улс дангаараа оршин тогтнох боломжгүй, ийм л  ертөнцөд бид амьдарч байна. Хөгжлийн түншүүдийн хувьд манай эдийн засгийн үйл ажиллагаа нэлээн томоохон үүргийг гүйцэтгэдэг. Цаашдаа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгаа төрөлжүүлэх, улмаар гадаад хамтын ажиллагаа энэ цаг үед маш их чухал байна. Энэ бүх үйл ажиллагаанд хөгжлийн түншүүдтэй хийх уулзалт маш чухал ач холбогдолтой.

Яап ван Хиердэн: Уулзалтаар тэргүүлэх чиглэлийн төслүүдийн талаар маш хэрэгтэй мэдээлэл авлаа

/НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч/

-Өнөөдөр НҮБ-ын зүгээс хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтад ирсэндээ таатай байна. Энэхүү уулзалтаар хамтдаа асуудлаа шийдэж ярилцах мөн Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ойлголт авч буйдаа илүү их таатай байна. Тухайлбал, таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн төслүүдийн талаар маш хэрэгтэй  мэдээлэл авлаа. Цаашдаа уулзалтыг дуустал илүү сайн мэдээлэл авч, харилцан санал солилцож, үр дүнд хүрнэ гэж найдаж байна.

НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулахдаа гол анхаарч байгаа зүйл нь гурван сая гаруй хүн амтай, дундаас дээш орлоготой, байгалийн нөөц ихтэй ч тархмал байрлалтай болохоор бүсчилсэн хөгжлийн бодлогыг илүү сайн анхаарах нь чухал. Түүнчлэн  эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч орнуудтай харилцаагаа тэнцвэртэйгээр хөгжүүлж, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг онцлон хэлмээр байна. Уулзалтаар эдийн засгийг төрөлжүүлэх нь хамгийн чухал гэдгийг  ярьж байна.

Б.Мөнх-Эрдэнэ: Хөрөнгө оруулалтын тухайд сайжруулах, тогтворжуулах, хийх ажлууд бий

/Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга/

-Гадаадын хөрөнгө оруулалт бол өргөн ойлголт юм. 2011,2012 онд жилдээ 4-5 тэрбум ам.доллар орж ирдэг байсан, тэр маань буурсаар байсан ч өнгөрсөн 2025 онд өсөх хандлага ажиглагдаж 4.5 тэрбум ам.доллар орж ирсэн байгаа. Гэхдээ бидэнд сайжруулах, тогтворжуулах, хийх ажлууд нэлээд бий.

Хууль эрхзүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах үр ашигтай төслүүдийг санал болгох, төрийн байгууллагууд хүнд суртал гаргахгүй, үйл ажиллагаа нь ил тод байх гэх мэт. Өнөөдрийн уулзалтад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк,  донор орнууд болон гадаад улсуудын элчин сайдууд оролцож байна. Бид энэ үеэр Засгийн газрын бодлого шийдвэрийг нэг дор, цэгцтэйгээр, ойлгомжтойгоор, ил тод  таниулж байгаад  уулзалтын ач холбогдол оршино. Нөгөө талаараа мэдээлэл авсан хүмүүс өөрийн улс болон хамтрагч хөрөнгө оруулагч байгууллагуудад манай  хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг сурталчлах, зөв илэрхийлэх суурь ач холбогдолтой. Гадны хөрөнгө оруулагчдаас уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний салбарт  татвар, үнэ тарифын талаар гомдол ирдэг.

Арно Априю: Европын Холбоо Монгол Улсын хөгжлийг дэмжсэн өөрийн гэсэн үйл ажиллагааг явуулсаар ирсэн

/Европын Холбооноос Монгол Улсад төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн менежер/

-Өнөөдрийн арга хэмжээнд Европын Холбоогоо төлөөлөн ирсэндээ баяртай байна. Манай холбоо Монгол Улстай урт хугацааны түншлэлийн харилцаатай байгаа бөгөөд танай улсын хөгжлийг дэмжсэн өөрийн гэсэн үйл ажиллагааг явуулсаар ирсэн. Өнөөдрийн уулзалтад бусад гишүүд,  түнш орнуудтай хамтарч санал бодлоо солилцон, өөрсдийн хэрэгжүүлж буй арга хэмжээгээ нэгтгэн Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа зориулна гэж бодож байна.