ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: АН-тай хамтрах эсэхийг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлнэ

O.Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтэц болон УИХ-ын шинэ даргын томилгооны асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Нөхцөл байдал амаргүй байна. Олон улсын харилцааны олон асуудал байна. Өнөөдөр гэхэд л Аюулгүй байдлын байнгын хороогоор агаарын түлш, гаалийн импортын татварын хуулийн асуудлыг ярьж байгаа. ОХУ-д очиж гэрээ хэлцэл зурах гэх мэт олон асуудал байгаа учраас зарим салбарт сайд нарыг улираан ажиллуулах шаардлага бий.

Салбаруудын сайд нарын гүйцэтгэлийг харж байна. Олон улстай тогтоосон харилцааг судлая. Бүгдийг шинээр эхлэх боломж байхгүй шүү дээ. Гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх үеэр сайд нарын ажилтай нэгбүрчлэн танилцсан. Тавдугаар сарын 01 гэхэд төсвийн хүрээний мэдэгдэл өргөн барих цаг хугацаа тулчихлаа. Яаралтай төсвийн хүрээгээ боловсруулж, түүнийхээ дагуу жилийн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах, ирэх оны төсөв хэлэлцэх асуудал байна. Бүтэц бүрэлдэхүүний хуулийг өөрчлөөд хоёр яам нэгтгэчих гэхээр тодотгол дагаж орчих гээд байна.

Зургаадугаар сард төсөв тасарчихвал дахиад тодотгол хийнэ гэх мэт асуудал бий. Шинэ Ерөнхий сайд томилогдсоноор өмнөх Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хуультай. Өөрөө захирамжлаад үүрэг гүйцэтгэгч тавьж болохгүй. Засгийн газар бүрэлдээгүй байна. Хуулиудаа би өөрөө танилцуулаад явж байна.

Өнөө маргаашгүй танхимаа бүрдүүлнэ. Эхлээд сайд нарынхаа гүйцэтгэлийг судлаадхая. Түлшний асуудал нэн тулгамдсан асуудал болчихлоо. Сул орон тоонуудыг гаргаж ирж хэмнэлт хийнэ. Зарлагдаагүй тендерүүдийг цуцлах асуудлыг ярина.

Бид 1.3 их наядын хөрөнгө оруулалтын зардалтай ч өнөөдрийн байдлаар 300 орчим тэрбум л зарлагдсан. Тэгэхээр хөрөнгө оруулалтын зардлаас нэлээд танагдах болов уу.
Орлого тасарчихвал төсөв тодотгохоос өөр замгүй болно. Зургаан сарын гүйцэтгэлээ харъя. Хотын удирдлагуудын ёсзүйн асуудлыг Ёсзүйн хороогоор оруулна. Хотын даргад албан байдлаар анхааруулсан. ХҮН-д санал хүргүүлсэн. АН-тай хамтрах эсэхээ намынхаа Удирдах зөвлөлд танилцуулна” гэлээ.