ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Бямбацогт: Миний хувьд намаасаа түдгэлзэж байгаад УИХ-ын даргаар ажиллахад асуудал алга

O.Admin
1 цагийн өмнө

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг 4:11 мэдээллийн цагийн үеэр  УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга Х.ТэмүүжинАН-аас УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад удаж байна.

Тус хуулийн төсөлд “УИХ-ын дарга намаасаа түдгэлзэнэ, УИХ-ын даргыг 64 гишүүн нэр дэвшүүлж сонгоно” гэж заасан. Тиймээс дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэхийг шаардаж байна” хэмээн мэдэгдэл хийсэн билээ. Тэгвэл МАН-ын бүлгээс УИХ-ын даргад нэр дэвшихээр дэмжлэг аваад буй УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ намаасаа татгалзахад болохгүй зүйл байхгүй гэж мэдэгдэв.

Тэрбээр, “УИХ дахь МАН-ын бүлэг болон намын Удирдах зөвлөлөө намайг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ. Миний хувьд таван удаа баруун бүсээс УИХ-д сонгогдсон байна. Энэ туршлагыг маань харгалзаж нэр дэвшүүлсэн гэдгээ намын дарга хэллээ. Сандал ширээний төлөө би спикер болохгүй. Монгол төрийн ажил тасралтгүй, тогтвортой явах ёстой. Дэлхийн эдийн засаг хүнд байна. Ийм цаг үед төр түвшин байх ёстой. Тиймээс УИХ-ын удирдлагыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа.

Дараа нь Засгийн газраа яаралтай эмхлэх шаардлага үүснэ. УИХ-аар нэн чухал хуулийн төслүүдийг хэлэлцэх ажил хүлээгдэж байна. Ний нуугүй хэлэхэд 68 гишүүнтэй бүлгээ хэрхэн эв нэгдэлтэй, нэгдсэн ойлголцолтой болгох вэ гэдэг асуудал бий. Засгийн газрын сайд нарын асуудлыг ч хоёр талынхаа байр суурийг анхааралтай сонсож, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах мэдлэг, туршлагатай, чадвартай хүмүүсээр удирдуулах байх аа. Энэ талд битгий ялгавартай хандаасай гэдэгт байр сууриа илэрхийлнэ.

Унаад буй УИХ-ын гишүүдийн нэр төрийг сэргээхийн тулд би ажиллана. УИХ-ын үйл ажиллагааг саадгүй явуулах вэ гэдэгт анхаарч ажиллана. 68 гишүүнээ эв нэгдэлтэй байлгах үүднээс Г.Занданшатар дарга ажлаа өгсөн юм. Гэтэл цаашлаад сандал суудлын асуудал ярьж байгаа бол бүтэхгүй ээ. Парламентын засаглалыг тогтвортой хөгжүүлэхийн тулд би анхаарч ажиллана. Сандал ширээ албан тушаалын төлөө очоогүй. Төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үйл ажиллагааг сайжруулах нь миний зорилго.

Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна. УИХ-ын дарга намын дарга байж болохгүй гэдэгт гишүүдийн дийлэнх нэгдвэл миний хувьд намаасаа түдгэлзэж байгаад ажиллахад болохгүй гэх зүйлгүй. Нэг ч цаг нэг ч минут төрийн үйл ажиллагаа гацах ёсгүй. Ард иргэдийн амьдрал, улс орны эдийн засаг асуудал болж байгаа учраас ажлаа хийе. Улстөрчид маань улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах байх гэж найдаж байна аа. Надад ямар сандал суудал ногдох вэ гэдэг байдлаар төрийн ажлыг гацаадаг, шантаажилдаг байдлаар цаашдаа ажилламааргүй байна" гэв.