ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХЭН НЬ ХЭН БЭ: Базаахгүй намтартай, батлуулсан хуульгүй нэр дэвшигчид

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-03-21

УИХ-ын хаврын чуулганы нээлттэй зэрэгцээд Төрийн ордонд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын сунгаа өрнөж эхэлжээ. Гол өрсөлдөөн УИХ-ын эмэгтэй гишүүд дунд өрнөж байгаа бөгөөд одоогоор М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын нэр гарчээ. Тэдний хэн нь сайдын суудалд очихыг маргааш болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээд, энэ долоо хоногт болох УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар улс төрийн намуудын амлалтыг хэрэгжүүлдэг бодлогын гол цөм. Нийгэмдээ, хүндээ чиглэсэн бүхий л асуудал энэ яаманд харьяагдаж байдаг.

Тэр хэрээр нийгмийн анхаарлын төвд байдаг. Тиймээс асуудлаа бодлогын түвшинд эмх цэгцтэй, дэс дараатай, хариуцлагатай шийдвэрлээд явах хүн сайдын сэнтийд залардаг  болмоор. Гэтэл хэн дуртайг нь энэ тушаалд томилж, сар ч хүрэхгүй хугацаанд сайд томилж тоглодог болоод удлаа. Улс төрийн амлалт биелүүлэх, сайд болох гэсэн хэн нэгний хүслийг хангадаг, гүйцээдэг талбар болгомооргүй байна, Ерөнхий сайд аа.

Бүхэл бүтэн Монгол Улсын нийгмийн салбарыг бүхэлд нь хариуцаж байж, ажилдаа хайнга ханддаг, суудлын бөглөөс болдог хүмүүс энэ салбарт олширлоо. ХНХ-ын сайдад нэр нь яригдаж буй хүмүүсийн талаар “Хэн нь,  хэн бэ” буландаа онцолж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргээс хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Түүний хувьд авторлаад явах олигтой хуулийн төсөл байхгүй гэхэд болно.  Олон нийтийн дунд нэр хүнд сайтай нэгэн биш. Сайнаасаа илүү саар мэдээлэл дагаж явдаг. Эрхэм гишүүний хувьд эрх мэдэл албан тушаалд хүрмэгцээ төрсөн эгч М.Цэцгээд Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүл залуучуудын байгууллагыг хариуцуулж, түүнийг дагасан дуулиан, шуугиан ч намжаагүй яваа. Түүгээр ч тогтохгүй эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хүү болох Б.Энхмөрөнг Боловсролын зээлийн сангаар сургасан байдаг. Энэхүү зээлээ төлөөгүй бөгөөд өр төлбөртэй хүмүүсийн дунд түүний хүүгийн нэр ч бий. Мөн цар тахлын цаг үед ЭМДЕГ-т Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар хууль бусаар хүүгээ томилуулж, ажиллуулж байсан, брэндийн алчууртай хог цэвэрлэсэн, Төрийн ордонд чуулганы танхимд боов идсэн гээд дандаа базаахгүй асуудалд нэр холбогдож байжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1988 онд Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1995 онд ОХУ, Ленинградын улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультет, сэтгүүл зүйн мастер

2008 онд АНУ, Оклахома мужийн Улсын их сургууль, сэтгүүл зүйн мастер

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1995-2009 онд Монголын үндэсний телевиз, “ММ” агентлаг редактор, ахлах редактор, тоймч

1998-2001 онд “ММ” агентлагийн ерөнхий редактор-захирал

2009-2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч

2013-2015 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн ажлын албанд зөвлөх

2013 онд Монгол ардын намын Нарийн бичгийн дарга

2015 онд “Монголын мэдээ” агентлагийн захирал

2016 оноос Монголын хөгжлийн стратегийн хүрээлэн УЗ-ийн гишүүн

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

-УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Түүнд мөн л адил авторлаад явах хуулийн төсөл байхгүй. Элдэв дуулиан шуугианаас хол, сулхан гишүүдийн тоонд багтана. Олон нийт түүнийг яруу найрагч Г.Мөнхцэцэг гэдгээр нь андахгүй. Улстөрчийн хувьд ч тийм идэвхтэй гишүүдийн тоонд орохгүй. Харин хаа нэгтээ “Тэтгэвэр бол төрөөс өгч буй дэм” зэргээр дуугарч олны бухимдлыг төрүүлдэг нэгэн.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1991 онд Дорноговь аймгийн 1 дүгээр дунд сургууль

1995 онд Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр, бакалавр

2013 онд Монгол улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийг хэл шинжлэлийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1999-2000 онд “Зууны мэдээ” сонинд албаны дарга

2000-2004 онд “Нью Майнд” ХХК-д хэвлэл мэдээллийн ажилтан

2004-2009 онд “Нью Майнд” ХХК-ийн гүйцэтгэх захирал

2009-2016 онд Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2022 оноос Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

-Түүний хувьд парламентад хоёр дахь удаагаа сууж байгаа. Төрийн байгууллагын бага нэгжээс аваад өдгөө хүртэл ажиллаж байгаа. Парламентын эмэгтэйчүүд  дундаа идэвхтэй гишүүдийн тоонд багтдаг. Элдэв дуулиан шуугианаас хол гэлцдэг ч асуудалд өртөх нь олонтай. Тухайлбал, ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаал бүхий хүмүүс зээл авсан асуудал нийгэмд ил болоход түүний төрсөн дүү Б.Одончимэг 800 сая төгрөгийн зээл авсан асуудал хөндөгдөж байсан юм.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1987-1993 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн их сургуульд Удирдлагын автоматжуулалтын системийн инженер

2012-2013 онд Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн магистр

2014 онд Харвардын их сургуулийн Удирдлагын хөтөлбөр

2014-2017 онд МУИС, Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1994-1999 онд УИХ-ын Тамгын газарт компьютер сүлжээ хариуцсан администратор

2006-2009 онд “Шинэ зууны Улаанбаатар” ТББ-ын тэргүүн

2010-2015 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал

2011 оноос Нийслэлийн нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн

2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөх

2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2022 оноос Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

2018 оноос Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн