ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Болорчулуун: ХААДС-ийн өр авлага 200 тэрбум төгрөгт хүрсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-03-23

УИХ-ын чуулганаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ.  Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын Төсвийн байнгын хорооны санал, дүнэлтийг Ж.Батсуурь гишүүн уншиж танилцуулж, хэлэлцэн дэмжиж, баталж өгөхийг хүслээ. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:

-Хөдөө аж ахуйг дэмжих сан өр авлагын тулам, өглөг буяны газар болсон. Авлага, өглөгийн хэмжээ 200 тэрбумд хүрсэн. Энэ янзаар яваад байж болохгүй. Удирдлагыг сонгон  шалгаруултаар сонгоно. Бүх улс орон газар тариалалтын салбарт хөнгөлөлт, чөлөөлөлт олгож байдаг. Ямар ч улс орон хүнсний хувьд аль улс орноос хараат байхыг хүсдэггүй. ХААДС-гийн  өр, авлагын хэмжээ их болсон. Тиймээс хөрөнгө мөнгөний эргэлтийг сайжруулж, корпораци болгоно.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Сангуудад хяналт шалгалтыг сайжруулах ёстой. Бөөн авлигын асуудал үүсэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

ХААДС-г татан буулгачхаад, корпораци  болгоход өөрчлөлт гарахгүй. Бүтэц нь улам данхайчихна. Энэ салбарт хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа, хэдэн аж ахуйн нэгжээ сүйдэлчихнэ. Хувьцаат компани болчихсон тохиолдолд төрийн хяналт шалгалтаас улам холдоно. Тавантолгойн алдааг давтана. Хөдөө аж ахуйн корпораци ХХК гэж газар бусдыг дэмжиж ажиллана гэдэгт итгэхгүй байна. Компани чинь цэвэр ашгийн төлөөх газар шүү дээ. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:

-Хөдөө аж ахуйн корпораци нь аж ахуйн нэгжээ татан буулгахгүй, дэмжиж ажиллана. Хамгийн зөв шийдэл нь олон нийтийн хяналт оруулна гэсэн чиглэлтэй байна. Сан гэдэг нь өглөг, буяны газар л байна.