ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: БЗС-гаар гадаадад суралцсан улстөрчдийн нөлөөлөл бүхий хүмүүс

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-03-23

Улсын тусгай үүргийн сангаас зээл аваад, эргэж төлдөггүй гэх асуудлыг сэтгүүлчид сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хөндөж байгаа билээ. Тэгвэл Хувь хүний нууцтай холбоотой хэмээн олноос нууцалж байсан Боловсролын сангийн зээлээр суралцагсдын нэрсийг БШУ-ы яамнаас өчигдөр олон нийтэд ил болгов. УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албаны дарга нарын ойр тойрны хүмүүс бусдынхаа боломжийг хулгайлдаг нь нийгэмд нэгэнт ил тод болсон зүйл.

Өмнө нь буюу 2019 онд ЖДҮХС-гаас зээл авсан эрх бүхий албан тушаалтантай тодорхой хугацаанд тэмцсэн ч өнөөг хүртэл үр дүн муутай байгаа. Тухайн үед УИХ-ын 50 гаруй гишүүн холбогдож, уучлалт гуйж, зээлээ эргэн төлсөн ч бусад тусгай үүргүүдийн сангийн хулгай, булхай хэвээр байгаа учраас Боловсролын сангийн зээлээр суралцсан иргэдийн нэрсийг ил болгосон өнөөдрийн онцлох сэдэв болоод буй юм. 

Сангийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Зээл авч суралцсан хүмүүсийн овог, нэрийг олон нийтэд зарлалаа. Тиймээс бүх хүний мэдээллийг тус сангийн цахим хуудсаар дамжуулан ил болгож байна. 1997 оноос хойш тус сангаас зээл авсан 52698, буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан 154662 хүний мэдээлэл ил боллоо.

Гадаадын шилдэг 100 их, дээд сургуульд сурахаар зээл аваад эх орондоо буцаж ирээд тав болон түүнээс дээш жил ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүн байна. Нийт 10 тэрбум төгрөгийн зээл авчхаад алга болсон хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ажлыг эхлүүлж байна. Мөн эдгээр хүмүүсийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд "чанаргүй зээлдэгч" гэж оруулна"  хэмээн мэдэгдсэн билээ.

Боловсролын зээлийн сангаас зээл аваад төлөөгүй хүмүүсийг онцолж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-УИХ-ын гишүүн, дуулиан шуугианы эзэн Г.Дамдинням Боловсролын зээлийн сантай холбогджээ. Тэрбээр, Канадын Колумбиа их сургуульд хоёр жилийн хугацаанд уул уурхайн нийгмийн хариуцлага мэргэжлээр суралцахдаа  сангаас 32 мянган ам долларын зээл авсан аж. Тэрбээр, өрөө төлөөгүй хүмүүсийн тоонд багтаж байгаа. Тэрбээр, өмнө нь Хөгжлийн банкнаас найз, нөхдийн хамтаар 33 тэрбум төгрөг зээлээд, асуудалд ормогцоо төлж барагдуулсан байдаг. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Улс төр болоод бизнесийн салбарт амжилттай яваа эмэгтэйчүүдийн тоонд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг багтдаг. Тэгвэл эрхэм сайд Боловсролын зээлийн сангаас зургаан мянган ам.долларын зээл авч, Нидерландын Маастрихтын Менежментийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр 1.5 жилийн хугацаанд суралцсан аж. Мөн л өрөө төлөөгүй бололтой. 

Сангийн сайд асан С.Баярцогт:

-Улс төрийн нэр нөлөө бүхий эрхмүүдийн нэг Сангийн сайд асан С.Баярцогтын дүү Сангажавын Баярбат, Баярмаа нар Боловсролын зээлийн сангаас АНУ-д суралцахдаа тус бүр 32 мянган ам.доллар буюу нийт 64 мянган ам.доларын зээл авч, суралцсан байна. С.Баярбатын хувьд АНУ-ын Брижлортын их сургуульд бизнесийн удирдлагаар суралцсан бол С.Баярмаа нь Колорадогийн ИС клиник фармакологи чиглэлээр суралцжээ.

Монголбанкны Тэргүүнд дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн:

-Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн Люксембургийн Вант Улсын Люксембургийн их сургуульд банк санхүү чиглэлээр суралцахдаа 16 мянган ам.долларын зээл авчээ. Тэрбээр8 өрөө төлөөгүй хүмүүсийн тоонд багтаж байгаа билээ. Тэрбээр улстөрч Н.Ганбямбын хүү бөгөөд аавынхаа нэр нөлөөгөөр чамгүй амжилттай яваа. Тэгвэл эрхэм та өрөө төлнө үү. 

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо: 

-АНУ-ын Индианагийн их сургуулийг Улс төр судлал чиглэлээр хоёр жил суралцахдаа 16 мянган ам.долларын зээл авч суралцжээ. Тэрбээр, Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү бөгөөд аавынхаа нэр нөлөөгөөр улс төрийн карьер хөөж байгаа нэгэн юм.

"Тавантолгой төмөр зам" ХК-ийн захирал асан Н.Удаанжаргал:

-Нүүрсний хэргээр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа хэдий ч гадаад руу оргон зайлсан хүний тоонд “Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал багтдаг. Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжилж, эх оронд нь авчрахаар ажиллаж байгаа. Тэгвэл дан ганц нүүрсний авлигын хэргээр тогтохгүй Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Өмнөд Дакотагийн их сургуульд хоёр жилийн хугацаатайгаар Хүний нөөцийн удирдлага чиглэлээр суралцсан ажээ.

АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэболд:

-АНУ-ын Индианагийн их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр суралцсан бөгөөд Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан аж.

“Их Бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин:

-ICH койныг гаргасан О.Мөнхжин хууль хяналтын байгууллагаар шалгуулж, цагдан хорих арга хэмжээ авхуулаад байгаа билээ. Түүний гаргасан койныг дагасан олон хохирогч хууль хяналтын байгууллагад бүртгэгдсэн. Тэрбээр, АНУ-ын Вашингтоны их сургуульд санхүү эдийн засгийн чиглэлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас нийт 170.9 ам.долларын зээл авсан байна.

"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт:

-Хуульч, өмгөөлөгчийн сүрийг нийгэмд үзүүлж, айлгах хэрэгслээ болгон ашигладаг, дуулиан, шуугиантай хэрэг бүрийн араас хөөцөлдөж явдаг “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт АНУ-ын Оклахомагийн их сургуульд хоёр жилийн хугацаанд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 28.7 мянган ам.долларын зээл авсан нь ил болжээ. 

АН-ын дэд дарга асан О.Чулуунбилэг:

-АН-ын дэд дарга асан О.Чулуунбилэг АНУ-ын Вашигтон Их Сургуульд "Социологи улс төр судлал"-ын чиглэлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 16 мянган ам.долларын зээл авчээ.

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэг:

-Авлигын асуудлаар ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай шалгагдаж байгаа. Тэрбээр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байхдаа гадаад руу оргон зайлсан хүмүүсийн тоонд зүй ёсоор багтаж, эрэн сурвалжилж байгаа. Түүний охин Б.Оюунбилэг нийт 32 мянган ам.долларын зээл авч,  Канадын Ватерлоогийн их сургуульд аялал жуулчлалын бодлого чиглэлээр суралцсан аж. Мөн л өрөө төлөөгүй.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын охин Х.Намуун

-Канад улсын Бритиш Колумбиа их сургуулийн философийн чиглэлээр суралцахаар 72 мянган ам.долларын зээл авч, суралцсан байна.