ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Нийслэл өмчтэй бай. Өмчийг НИТХ удирд” гэсэн хуулийн заалтаа өөрчил, УИХ-ын гишүүд ээ

O.Admin
54 минутын өмнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдвээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа. Гэхдээ УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Д.Энхтүвшин нарын удирдах зохион байгуулсан уг сонсгол Хотын Засаг дарга асан Х.Нямбаатарын удирдсан нийслэлийн хоёр жилийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтыг шинжлэн дүгнэх байсан ч явцын дунд НИТХ-ын үйл ажиллагаа, төлөөлөгчдийн бүрэн эрхийг няцаах, үгүйсгэх хандлага руу нийгмийн уур амьсгалыг бүхэлд нь чиглүүлэв.

Учир нь, УИХ-ын нэр бүхий гишүүд болон сошиалд “НИТХ-ын төлөөлөгчид давхар аж ахуйн ажил эрхэлж, нийслэлийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах нь буруу. Энэ бол мөнгө угаалт, эрх мэдлийн наймаа, эрх мэдлийн төвлөрөл” хэмээн үзсэн. Арга ч үгүй. НИТХ-ийн 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит аж ахуйн нэгжийн ТУЗ-д алба хашиж, үйл ажиллагаанд нь оролцоно, шийдвэр гаргалтад нөлөөлнө гэдэг зөв зүйл биш.

Гэхдээ энд онцгойлон хөндөх ёстой нэг сэдэв бол НИТХ, НИТХ-ын төлөөлөгчид хууль зөрчсөн үү, хуулиас гадуур эрх мэдлээ урвуулан ашигласан уу гэдэг асуулт. Тэд хуулиас гадуур үйл ажиллагаа эрхэлж, хуулийг гууль болгосон бол УИХ сонсгол хийгээд орхих нь бүү хэл хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж, зохих ёсны шийтгэлийг нь оноох хэрэгтэй. Гэтэл бодит байдал дээр хуулиар эрхийг нь олгож, үүргийг нь хүлээлгэж, үүрэг даалгавар өгсөн субьект нь НИТХ ч, төлөөлөгчид бус бус УИХ өөрөө байж таарав. Иймд хар дээр цагаанаар бичсэн хуулийн зүйл заалтыг сийрүүлбэл:

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлгийн 59 дугаар зүйлийн 2 дах хэсэгт нутгийн өөрөө удирдах байгууллага аймаг, нийслэл, сум дүүрэгт тухайн дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчийн хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн хурал байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй.
  2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь өмчтэй байна. 18.2 дахь хэсэгт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн хувьд өмчлөгчийн эрхийг хуульд заасан хязгаарын хүрээнд тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, өмчийн удирдлагыг тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд Засаг дарга хэрэгжүүлнэ.
  3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна. 77 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй: 77.2.1 дэх хэсэгт орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдлыг хянан шалгах буюу түүнд тавих хяналт шалгалтыг зохион байгуулна.

Товчхондоо, дан ганц НИТХ, НИТХ-ын төлөөлөгч гэлтгүй аймгийн ИТХ, сум, дүүргийн ИХ дор бүрнээ өмчтэй байж болно. Тэр өмчийг НИТХ болон шат шатны төлөөллийн байгууллага нь иргэдийнхээ өмнөөс өмчилнө. НИТХ болон шат шатны төлөөллийн байгууллага нь хөрөнгийн өмчлөгчийн хувиар хөрөнгө удирдах үйл ажиллагаанд оролцож, удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллана гэдгийг Үндсэн хууль төдийгүй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд тодорхой заагаад өгчихсөн хэрэг.

Ийм байхад хууль баталдаг, төрийн эрх дээд байгууллагын бүрэлдэхүүн бие төлөөлөл болсон УИХ-ын гишүүд хуулиас гадуур, хууль давсан шаардлага тавьж, НИТХ-ын хүчийг сулруулахыг оролдож буй нь өөрөө хуулиас гадуур санаархал болчихож байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүдээс асууя. “Нийслэл өмчтэй бай. Өмчийг НИТХ удирд” гэсэн хуулиан заалтуудаа эхлээд хуулиасаа аваад хаячих. Хуулиа өөрчилдөх. Дараа нь, НИТХ болон НИТХ-ын төлөөлөгчдийн эрх, үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд шударга шаардлагаа тавьцгаая.

Эс бөгөөс унаж ядаж байгаа төрийн нэр хүнд, төрийн нэгж бүрийг УИХ дээр авчирч, сонсгол нэрээр шарахаа больцгооё. Явж явж энэ шаралт нь эргээд УИХ-ын нэр хүнд рүү, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг үл ойшоох нийгмийн гажуудал руу шилжинэ шүү. Тэр цагт “Хууль надад хамаагүй” гэж хэлэх эрх бөгөөд үүрэг үгүй. Хуулиар гажуудал, доройтол болгоны үүдийг нээчихээд “Хаалга хаалттай байна” гэж орилох нь эзэн хааныхаа хувцас өмсөөгүй нүцгэн биеийг хэлж дөнгөхгүй “Хаан ганган хувцастай байна” гэж шаагилдсан орны барлагуудаас ялгаа үгүй бөлгөө.