ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ: Гэмт бүлэглэл санхүүжүүлсэн гэх Т.Аюурсайханы хэргийг хэлэлцэж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-03-29

Мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулж буй гэх үндэслэлээр АТГ-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УЕПГ-т хүргүүлж, уг хүсэлтийг УИХ-д өнгөрөгч долоо хоногт ирүүлсэн билээ. Тэгвэл уг асуудлыг хэлэлцэж буй Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан түр завсарлаад байна.

Тус Дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил “Бид гишүүн нэг бүрийн холбогдсон хэргийн нэгбүрчлэн нухацтай судлан үзнэ. Оройхон шийдвэр гарах байх. Санал хураалт хуулийн дагуу нууцаар явагдана. Шийдвэр гарах болоогүй. Сая Т.Аюурсайхан гишүүний нэр холбогдсон хэргийг хэлэлцэж байгаад завсарлалаа” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы тухайд хамгийн онц ноцтой буюу Зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг удирдсан, санхүүжүүлэн, оролцсон гэх хэрэгт нэр холбогдоод буй. Тодруулбал, МАН-ын дэргэдэх “Хөгжил шинэтгэлийн хороо” гэгчид хамт хүчин зүтгэж явсан, Монголын оюутны холбоонд байхаас нөхөрлөсөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Хөдөлмөрийн баатар, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн албаны газрын менежер асан Б.Отгонжаргал, тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга асан, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Х.Нурлат нартай хамтран төрийн эрхийг хууль бусаар авах буюу зохион байгуулалттай жагсаал цуглаан санхүүжүүлсэн гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮОНТ-ээр ярилцлага өгөхдөө мэдэгдсэн.

Тэд оюутны холбооны сүлжээг ашиглан Ерөнхий сайдыг огцруулахын тулд оюутны байраар явж мөнгө тараасан гэх асуудлыг нь тагнуулын байгууллага тогтоосон гэдгийг хэлсэн билээ. Н.Удаанжаргал, Б.Ганхуяг, Б.Отгонжаргал нар нь бүгд "Хөгжил шинэтгэлийн хороо" гэгчид Т.Аюурсайханы удирдлага дор албан тушаал эрхэлж байсан хүмүүс. Харин Х.Нурлат, И.Даваадорж нар нь түүнийг Чингэлтэй дүүрэгт нэр дэвших үед сонгуулийн штабт нь ажиллаж байсны шагналдаа төрийн өмчит компаниудад өндөр албан тушаал хаших эрх авсан хүмүүс билээ. Х.Нурлат нь Казахстанд өндөр зэрэглэлийн хаус хороолол босгосон асуудалд холбогдсон бөгөөд хэрэг нь мөн шалгагдаж буй. И.Даваадоржийг харин цагдан хориод байгаа билээ. 

Т.Аюурсайхан нь УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдаар богино хугацаанд дэвшиж ажиллахдаа өөрийн нэр дээр болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр маш олон үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй болж огцом баяжсан нь ийнхүү хуулийнхны анхаарлыг татсан хэрэг.

Тухайлбал, ХУД-ийн XI хороонд “Сэүл Роял Каунти” хотхонд байрлах 230м2 орон сууцыг худалдан авсан, Төв аймгийн Сэргэлэн суманд хурдан удмын адуу тэжээх 9 айлын газар эхнэрийн дүүгийн нэрээр авсан, мөн Хүй долоон худагт хадам ах болон хадам ээжийнхээ нэр дээр адууны жүчээ, хүлээн авалтын гэр байшин барих газар авсан, Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд мөн хурдан удмын адуу тэжээх жүчээ, амралтын байшин авсан, Б.Ганхуягийн барьсан гэгдэж буй Хан-Уул дүүрэгт байрлах спорт цогцолбор, Казахстанд баригдсан хаус хорооллын хууль бус мөнгөнд мөн хамааралтай гээд маш олон үндэслэлгүй хөрөнгөө нотолж чадахгүй байгааг UBN.mn сайт өнөөдрийн онцлох материалдаа онцолсон аж. Мөн эдгээр газруудад гүйцэтгэх ажиллагаа явуулж, илүү олон нотлох баримт цуглуулах шаардлагатай ч УИХ-ын гишүүний халдашгүй байдал нь саад учруулж буй учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн юм.