ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Пүрэвдагва: Хотын ажлыг иргэдийн амьдралын чанарт гарсан  өөрчлөлтөөр хэмжинэ

O.Admin
45 минутын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр удирдлагын багийн хамтаар нийслэл хотынхоо хөгжлийг чиглүүлэх гол бодлогоо зарлалаа. Тэрээр хотын удирдах төлөвлөх тогтолцоог сууриар нь шинэчлэх нь хамгийн чухал гэж үзэж, хуучин арга барилд суурь шинэчлэл хийхээ мэдэгдлээ. Түүний танилцуулсан “Шинэ үеийн Улаанбаатар” бодлого нь дараах гурван үндсэн агуулгад тулгуурлаж байгаа юм байна.

Юун түрүүнд тэрээр “Шинэ үеийн Улаанбаатар” нь өртөг өндөртэй шинэ төслүүдийн нэр биш, харин хотыг удирдах шинэ арга барил, менежментийн өөрчлөлт юм гэлээ. Тиймээс хотын удирдлагууд хотыг хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлж, иргэддээ илүү хүртээмжтэй, ойлгомжтой, дарамтгүй, стрессгүй удирдан чиглүүлэх   арга барил руу шилжин ажиллаж байна гэдгээ тодотголоо.

Хотын дарга Б.Пүрэвдагвын багийн баримталж буй нэг чухал бодлого нь асуудлыг араас нь бус урьдчилан харж шийдвэр гаргах чиглэлийг барьж буйгаа мэдэгдэж байна. Хамгийн тод жишээ нь төсөв. Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот үүссэн асуудал бүрийн араас тухайлбал түгжрэл, утаа, үер гээд “гал унтраах” байдлаар биш асуудлыг сууриар нь харж шинэчилж байгаагаа нийслэлчүүддээ зарлалаа.

Нийслэлийн удирдлагын баг ирээдүйд үүсэж болох эрсдэл, хотын тэлэлт, иргэдийнхээ хэрэгцээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр урьдчилан тооцоолж, бодлогоо, төсвөө түрүүлж төлөвлөдөг арга барилд шилжин ажиллаж байгаагаа мэдээллээ. Тухайлбал иргэд хотын аль хэсэгт ямар дахин төлөвлөлт хийхийг урьдчилан мэддэг болсноор амьдралаа бодитоор төлөвлөдөг болох боломж бүрдэх юм байна. Товчхондоо хотын дарга Б.Пүрэвдагва хийсэн ажлынхаа үр дүнг иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулснаар хэмжинэ гэдгээ зарлав.

Хамгийн наад зах нь иргэдийн зорчих хугацаа. Иргэн ажилдаа хурдан хүрч байна уу?, Хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ аюулгүй замаар очиж чадаж байна уу?,  Төрийн үйлчилгээг стрессгүй авч байна уу? гэдгээр хэмжинэ гэлээ. Энэ зун нийслэлд баригдаж буй бүх зам стандартад нийцсэн явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой, тэмдэг тэмдэглэгээтэй гээд иж бүрэн зам барьж ашиглалтад оруулж байгааг хотын дарга онцолсон юм. Хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ аюулгүй хурдан очих боломж нөхцөлийг бүрдүүлэхээр “Хотхоны бага сургууль”, “Сургуульд хүрэх зам”, “Сургуулийн автобус” зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж байгааг мэдээллээ. Нийслэлчүүддээ төрийн үйлчилгээг хүнд сурталгүй стрессгүй хүргэх зорилгоор тусгай дугаар 150150-ыг ажиллуулж, иргэн өөрт тулгамдсан санал, хүсэлт, гомдлоо мессежээр илгээн, хотын удирдлагын баг  ажлын тав хоногт багтаан шийдэхээр ажиллаж байгаагаа ч хэллээ.