УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шүүхийн нэр хүнд унасныг хэлж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх горимын санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Ингээд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхийн тулд УИХ-ын чуулган хаалттай горимд шилжлээ.
Хуралдаанаар өмнө нь Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл (Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023.01.30-ны өдрийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан боловсруулсан)-ийг хэлэлцэж байна. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны төслийн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уншиж танилцуулав. Гишүүдийн саналаар хуулийн төслүүдийг хүчингүйд тооцлоо.