ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг нээлттэй явуулах санал гаргав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-03-30

Мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулж буй гэх үндэслэлээр АТГ-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УЕПГ-т хүргүүлж, уг хүсэлтийг УИХ-д өнгөрөгч долоо хоногт ирүүлсэн билээ.

Тэгвэл уг асуудлыг өчигдөр Халдашгүй байдлын Дэд хороо хэлэлцэж хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэж, улмаар холбогдох байнгын хороод өчигдөр хэлэлцэн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд уг асуудал багтсан бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг нээлттэй явуулах санал гаргав. Тэрбээр, “Нуугаад байх, төрийн нууцтай холбоотой асуудал биш учраас нээлттэй хэлэлцэж болохгүй юу. Ил санал хураалтаар шийдэж болохгүй юу” гэв.

Харин УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Уг асуудал нь УИХ-ын холбогдох хуульд заасны дагуу төрийн болон албаны нууцад хамааруулах гэж УЕПГ-аас орж ирсэн” гэсэн хариулт өглөө. 

Ингэснээр уг асуудлыг Мөрдөн байцаах албаны нууц хэмээн үзэж хаалттай хэлэлцэхээр шийдвэрлэв. Эх сурвалжийн хэлж буйгаар өчигдөр болсон Байнгын хорооны хуралдаан болон даваа гарагт болсон бүлгийн хуралдааны үеэр нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үед нууцын зэрэглэлтэй учраас татгалзсан санал өгсөн, намын бодлогын эсрэг сөрсөн цөөнгүй гишүүд байсан аж. Тиймээс ч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэрвээ авлигын хэрэгт холбогдсон гишүүдээ хамгаалж үлдвэл нууцаар хэлэлцдэг энэ хуулийг хүчингүй болгоно” хэмээжээ.

Энэ удаагийн чуулганаар ч намын бодлогын эсрэг сөрөх гишүүд байгаа учраас Ерөнхий сайд өөрөө биечлэн чуулганд оролцож буй гэх мэдээлэл байна. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар ч улс төрийн зориг гарган төрийн нууцаар халхавчилан нэр бүхий авлигын гэмт хэрэгтэн гишүүдийг хамгаалж буй улстөрчид, өнөөдрийн хуралдааны ирцэнд ороогүй гишүүдийн жагсаалтыг олон нийтэд дэлгэх нь зөв болов уу. Мөн нууцаар санал хураадаг хуулийн заалтыг ч хүчингүй болгох хэрэгтэй юм.