Хөгжлийн хязгаарлагч хамгийн том хүчин зүйл юу вэ гэж асуухад олон хүн “төрийн хүнд суртал” гэж хариулна. Учир нь төр авлигын сүлжээг бий болгосон. Намын, даргын, улс төрийн сүлжээгээр ажлаа явуулдаг. Танил, талгүй бол төрийн аль ч шатанд хүн сурталтай учирна. Иргэн, аж ахуйн нэгж нь алга дарам зөвшөөрөл авахын тулд төрийн хэдэн байгууллагыг бүтэн сар шахам тойрч эргэдэг тогтолцоог өөрчлөхгүй л бол Монгол Улс авлигын индекс, хөгжлийн гарцаараа ахиц дэвшил гаргаж чадахгүй нэг байрандаа 30 жил гацсан хэвээр үлдэх билээ.
Дэлхийн бүх улс орнууд төрийн хүнд суртлаас хэдийнэ салжээ. Төр нь илүү цомхон, хүчирхэг, цахим систем давамгайлсан шийдэлтэй болчихлоо. Ялангуяа ковид, цар тахлын хоёр жилийн хугацаанд үргүй зардлаа хэмнэж, оффист олон цагаар суудаг үр бүтээлгүй ажилтнаас илүүтэй онлайнаар ажлаа хийчихдэг бүтээлч ажилтныг илүүд үзэх боллоо.
Мянга, мянган оффисын байр эзгүйрч, эсрэгээрээ цахим системээр гэрээсээ ажиллах боломжийг томоохон ажил олгогч нар чухалчилдаг болов. Гэтэл Монгол Улсад эсрэгээрээ төрийн албан хаагчдын тоо сүүлийн 10 жилд 1.3 дахин нэмэгджээ. Төрийн албан хаагчийн нийт ажиллах хүчинд эзлэх хувийг Азийн бусад орнуудтай харьцуулахад 3-4 дахин өндөр үзүүлэлттэй байгаа. Тэр хэрээр 2020 онд авлигын индексээр 111 дүгээр байранд жагссан нь өмнөх оноосоо зургаан байраар ухарсан үзүүлэлт юм. Төр бүтцээ данхайлгаж, хүнээ олон болгоод ч авлига, хүнд суртал буураагүй гэсэн үг.
Тэгвэл үүнийг хэрхэн өөрчилсөн бэ
Монгол Улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэний хийж чадсан онцлох том ажил бол яах аргагүй цахим үндэстэн буюу “Е Монголиа” систем. Одоогоос гурван жилийн өмнө буюу аравдугаар сарын 2-ны өдөр нээлтээ хийснээс хойш “Е Монголиа” аппликейшн ямар үр дүн үзүүлснийг эргэж нэг санацгаая.
-Төрийн 60 гаруй байгууллагын 660 гаруй үйлчилгээг системдээ бүрэн нэгтгэжээ
-Монгол Улсын 1.5 сая хэрэглэгч энэхүү үйлчилгээний хэрэглэгч болов
Төрийн 10 төрлийн үйлчилгээг англи хэлээр давхар авдаг боллоо
-Банкны 69 төрлийн лавлагаа зөвхөн цахимаар гарч байна.
-Нотариатын шат дамжлага алга болж, 79 төрлийн тодорхойлолтыг гаргаж өгдөг болжээ.
-Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхээ больж, зөвхөн хурууны хээ байхад иргэний зөвшөөрлөөр бүх мэдээлэл нь үйлчилгээ авч буй газарт "Е Монголиа" системээр дамжин очдог болсон амжилт үзүүлжээ.
...Үүнээс гадна Засгийн газрын дэргэд 11 11 төв ажиллах болсноор төрийн хүнд суртал арилахад нэг алхам урагшилж, иргэн санал гомдлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдсэн. Нэг өдөрт гэхэд л 350 дуудлага, санал гомдол хүлээн авч, хамгийн багадаа 2-3 хоногийн хугацаанд иргэнд хариу өгдөг болсон байгаа нь яах аргагүй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан төрийн бүтээмжийн сэргэлт юм.
Тэгвэл өнөөдөр төрийн байгууллагын дарамт шахалт, хүнд сурталтай хамгийн их тулгардаг бизнесийн салбарынхан цахим үйлчилгээнд нэгдэх эхлэл тавигдаж, “E-Business” платформ нээлтээ хийв.
Тус платформ нь бизнесийн цахим таатай, нээлттэй орчин бүрдүүлэх ач холбогдолтой. Тухайлбал, "Е-Business" платформд хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, 226 төрийн үйлчилгээ, нийт 685 үйлчилгээг нэвтрүүллээ.
Ингэснээр ААН шинээр байгуулахад хуулийн этгээдийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, эд хөрөнгийн жагсаалт бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамганы хяналтын хуудас илгээх зэрэг үйл явцыг цахимаар шийдлээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хамгийн чухал амлалт болох цахим үндэстэн буюу хүнд сурталгүй төрийн үйлчилгээг иргэн гэрээсээ гарахгүйгээр авах боломжийг дахин нэг алхам урагшлуулсан онцлох үйл явдал болов.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус үйл явдлыг дүгнэхдээ “Засгийн газар иргэн таныг хүнтэй нүүр тулахгүйгээр технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээ авдаг байх, төрийн хүнд суртлыг багасгах зорилго тавьсан. Энэ үйлчилгээ хөрөнгө оруулалт болон бизнесийн салбарт чухал амжилт гаргана. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шилэн” ажиллагаа ч үүнтэй холбоотой. "И-бизнес" цэс бол дөнгөж эхлэл. Цаашид 0.2, 0.3 гэх зэргээр хөгжүүлэлтийг хийгээд явна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд "И-бизнес" цэсээс үйлчилгээ авахад ямар хүндрэл бэрхшээл үүсгэж байгааг 1111 төв рүү утасдаад мэдэгдээрэй.
Цахим болон авлигагүй Монгол болоход иргэн таны оруулж чадах хамгийн чухал хувь нэмэр бол тоон гарын үсгээ авах юм” хэмээв.
...Өмнө нь бид компани байгуулах гээд Татвар, даатгал, УБЕГ-аар хэдэн өдрөөр явдаг байлаа. Нийслэл хотод тархаж байрласан төрийн байгууллагуудын дунд хамаг ажлаа алдаж, түгжрэлд гацаж нэг бичиг авахын төлөө долоо хонох нь хэвийн үзэгдэл байж. Энэ бэрхшээлийг дагаад компанийн нэр шилжүүлэх бизнес хүртэл цэцэглэж, 250-300 мянган төгрөгөөр компанийн бичиг баримт цэгцлэх ажлыг өмнөөс нь хийдэг хүмүүс ч бий болоод байсныг нуух юун. Одоо бол иргэн та буйдан дээрээ хэвтэж байгаад л гар утсаараа компаниа байгуулах боломж бүрдсэн гэсэн үг. Хамгийн чухал нь энэхүү үйлчилгээг авахын тулд хамгийн иргэн та тоон гарын үсэгтэй байх ёстой гэнэ. Тоон гарын үсэгтэй байх хуулийн төсөл батлагдаад жил гаруйн хугацаа өнгөрсөн ч өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн насны 600 гаруй мянган иргэн л гарын үсгээ авчээ. Тиймээс Ерөнхий сайд өөрөө биечлэн гарын үсгээ өнөөдөр авч, иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриалав.
-Тоон гарын үсэг авснаар та заавал нотариат дээр очих албагүй
-Орон нутгаас Улаанбаатар хотод ирж үйлчилгээ авах шаардлагагүй болно.
-Цаашилбал, цахимаар сонгуульд саналаа өгөх боломж бүрдэнэ.
-Тоон гарын үсгээрээ бусад баримт бичиг, хөрөнгө оруулалтын гэрээ, төрийн үйлчилгээг шууд авах боломжтой.
...Хамгийн багадаа 1.5 сая хүнийг тоон гарын үсэгт хамруулж чадвал тодорхой амжилтад хүрнэ. Нийт хүн амын 70 хувь нь гэсэн үг. Ингэснээр хэн хаана газар эзэмшдэг, хэний хүүхэд тэтгэлэгт хамрагдсан, хэн гэж цүнхний компани тендерт шалгарсныг төвөггүй мэдэх бөгөөд төрийн үйлчилгээ цахимжсанаар нууцаар хийдэг байсан хулгай луйвар, цүнхний компаний авлига, цаасан дээр зурагдаад үерт урсчихдаг нүүрсний хулгайн бичиг баримт хүртэл цахимд хадгалагдаж үлдэх учиртай. Тиймийн учир иргэн та яг одоо гэрээсээ гарч цахим үйлчилгээнд нэгдэж, тоон гарын үсгээ авч, төрийн бүх үйлчилгээг И Монголиа, И бизнес платформуудаар аваарай. Авлигагүй, шилэн нийгмийн төлөө яг одоо гэрээсээ гарч, иргэний хариуцлагаа үүрэн тоон гарын үсгээ аваарай.