ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардын нам авлига, хулгайн хэрэгтнүүдийг дэвшүүлэхгүй, АН харин яах вэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-05-30

Монголын нийгэмд үүрлэсэн авлигын сүлжээ салбар, салбараараа  задарч, олон нийтийн бухимдал, эсэргүүцэл дээд цэгт хүрсэн энэ цаг үед  ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан анхаарал татахуйц улс төрийн мэдэгдлийг хэдхэн хоногийн өмнө олны сонорт хүргэлээ. Товчхондоо, ирэх 2024 оны сонгуулиар авлига, хулгайд холбогдсон эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын хувьд МАН хаалттай, нэр дэвших, мандат өвөрлөх ямар ч боломжгүй гэдгийг тов тодорхой илэрхийлсэн байх юм.  

Тэрбээр “2024 оны УИХ-ын сонгуульд нэр цэвэр, хандлага ёс суртахууны хувьд бусдад үлгэр дуурайл болохуйц нэгнийг МАН-аас нэр дэвшүүлнэ. 2020 онд бид олон нийтийг бухимдуулсан тодорхой асуудлуудад холбогдсон этгээдүүдийг сонгуульд нэр дэвших эрхийг хасаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Өмнө нь тийм үзэгдэл Монгол Улсад болж байгаагүй. МАН анх удаа парламентын гишүүнээр ажиллаж байсан 23 хүнийг нэр дэвшүүлэх эрхийг нь хааж байсан. Тэр бол бидний хийсэн бодит ажил.

Цаашид парламентын гишүүдийн тоог нэмэх, Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт хийхээр зориод явж байгаагийн үндсэн шалтгаан ердөө л энэ юм. Улс төрд байгаа эрх бүхий албан тушаалтан, эрх мэдэлтэн өөрт болон бусдад ямар нэгэн байдлаар давуу байдал үүсгэдэггүй л байх ёстой. Ийм асуудалд холбогдсон улстөрчдөд сануулга, анхааруулга өгсөн” гэв. Хамгийн зөв шийдлийг МАН дахиад гаргаж, бусад улс төрийн намуудад мөн уриалж байгаагаа дуулгав. Тэр хэрээр улс төрийн өс хонзон, дайсан гарах байлаа ч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар энэ бүхнийг үл ажран зоригтой шийдвэр гаргажээ. Алга ташиж баяр хүргэе, тэдэнд. Тэд багаараа Эрдэнэтийн 49 хувийн хулгай, Оюутолгойн луйвар, Хөгжлийн банк, сан, нүүрсний бүлэглэлийн хулгайтай ч нам харгалзахгүй тултал тэмцэж, тэр хэрээр амжилт  гаргаж байна. Энэ бүрийн ард тэд дайсантай болж байгаа ч бууж өгөөгүй учраас энэ удаад ч хэлсэндээ хүрнэ гэж итгэж байна. МАН-ын хувьд энэ шийдвэрээ тооцоолж гаргасан нь лавтай. Олон жил төрд суусан, эрх мэдэл албан тушаалд сандайлсан авлигачдын боломжийг хасна гэдэг бол маш том алхам билээ.

Тиймээс 2024 оны сонгуульд улс төрийн бусад намууд ч энэ зарчмыг баримталж, дотоододоо хэрэгжүүлээсэй. Тэр дундаа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа АН болон ХҮН –ын хувьд голлож анхаараасай. Нэр дэвшилтийн шүүлтүүрийг мөнгөнөөс хамааралтай хийлгүй, жинхэнэ нэр цэвэр, ёс суртахуунтай нэгэнд боломж олгож, салбар, салбарын шилдэг төлөөлөлд боломж олгоосой гэж уриалж байна. Ах намынхаа уриалгыг намын жагсаалт, тойргийн мандатын хуваарилалтад ч хиймээр байна. 

Намын жагсаалт, тойрогт ч тэр энэхүү зарчмыг баримталж, эх орноо, иргэдээ, улсынхаа хөгжлийг боддог тийм парламентыг бий болгоосой. Бүх л нам ялалт байгуулахыг, олонхи болохыг зорьдог, хичээдэг. Харин нэр дэвшилтэд үргэлж мөнгөтэй,  эрх мэдэлтэй хүмүүсийг багтааж, парламентад сонгож ирсэн гашуун туршлага, 30 гаруй жилийн түүх бидэнд бий. Үнэндээ бид мөнгө, эрх мэдлийн өмнө бөхийж, шүүлтүүргүй сонголттой тулгарч, төрийн төлөөлөл хэр хэмжээнд хүрч, босго буурсан  бэ гэдгийг үе үеийн парламентаас харж болно. Ардчилсан нам гэхэд л намын жагсаалтад нөгөөх л улиг болсон бүлэглэл, фракцийн толгойлогч нарыгаа жагсаавал шившиг болно шүү. АН-ын шинэ залуу үеийг дэмжиж, тэр тусмаа эмэгтэй, эрэгтэй хүйсийн харилцааг барьж чадахгүй бол Лу энэ намын тойрохыг дахиад ялагдлаар зурж мэдэх эрсдэл учраад байна. С.Эрдэнэ, З.Энхболд, Х.Баттулга мэтийн бүлэглэл фракцийн эздэд тал зассан байдлаар намын жагсаалтаа хийвэл дахиад л ялагдалд хүрнэ гэдгийг ойлгоно байх. 

Өнөөдөр нүүрс, Хөгжлийн банк, сангуудыг дагасан авлига, хулгай илрэхэд бүгд УИХ-ын гишүүн байсан, байгаа, сайд, даргаар олон жил ажилласан хүмүүс төрийн мөнгийг хайр найргүй үрж, иргэд, аж ахуйн нэгжийнхээ боломжийг хулгайлсан байх жишээтэй. Иймд улс төрийн бүхий л нам хулгай луйвар, албан тушаалын гэмт хэргийг өөгшүүлэхгүй хаалттай байж, эрх мэдлийг хязгаарласан сонголтыг хийхийг, МАН-аас хэрэгжүүлж буй зарчмыг баримталж, 2024 оны сонгуульд оролцохыг уриалж байна.