ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ОНЦЛОХ ЭШЛЭЛ: МАНАН дэглэм нуран унаж, тогтолцоо нь задарч байна

O.Admin
2023-06-09

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулсан билээ. Ингээд онцлох эшлэлийг хүргэж байна.

-Усны мандал дээр харагдах мөсөн уулын оройг ярилцаж цаг алдахын оронд усны гүнд орших системийг углуургаар нь өөрчлөхөд төвлөрч, суурь реформуудыг зоригтой шийдвэрлэхэд илүү цаг зарцуулж, ажил хэрэгч хандах шаардлагатай байна.

-Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтууд сэргэж, уул уурхай тойрсон далд эдийн засгийг ил болгох, системийн авлигыг бүхэлд нь халах “5 Ш” цогц ажиллагааны хүрээнд эдийн засагт таатай эхний үр дүнгүүд гарч байна.

-2020 онд -4.6 хувиар агшсан эдийн засаг 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөлттэй гарлаа. Эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт бол хоосон тоо биш юм. Нэг хувийн өсөлт ойролцоогоор 600 орчим тэрбум төгрөгийн орлого байдаг.

-Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж, 12.5 тэрбум ам.долларт хүрч, валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.доллар давлаа.

-“Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” гэдэг үг бий. Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан гашуун түүхийг Та бид хэзээ ч мартаж, бас давтаж болохгүй ээ.
 
-МАНАН дэглэм өдрөөс өдөрт нуран унаж, хүзүүвч тогтолцоо цагаас цагт задарсаар байна. Гагцхүү бид тууштай, сонор сэрэмжтэй, хэрсүү хандаж, эхлүүлсэн тэмцлээ хатуу үргэлжлүүлэх учиртай.
 
-Төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан бол энэ удаа төсвийн орлого давж биелснээр зохицуулах тодотгол хийх гэж байна.
 
-Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг. Энэхүү үр дүн бол ард иргэд, дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, шударга төрийн албан хаагчид
тэмдэглэж байна.

-Хүн амын 50 хувь нь амьдардаг их хотын асуудлыг зөвхөн нийслэлд даатгаж, анхаарлын гадна орхисноос үлэмж хэмжээний асуудал ужгиран хуралджээ. Газрын наймаа, төлөвлөлтгүй хотын золиос нь өнөөдрийн нийслэлчүүд болж байгаа нь бодит үнэн юм.

-Хүүхдийн талбай, ногоон байгууламж зэрэг нийтийн эзэмшлийн талбайг хууль бусаар олгосон үе үеийн албан тушаалтнуудыг Засгийн газар “Шилэн” ажиллагааны хүрээнд ил болгож, алдагдсан боломжийн өртгийг шүүхэд хандан нэхэмжлэх болно.

-Нийслэл хотод өнгөрсөн хугацаанд нийт 1213 км автозам тавьсан боловч дийлэнх нь хоорондоо холбогдоогүй мухар зам байна. Энэ нь зөвхөн тойргийн эрх ашигт нийцсэн нэгдсэн төлөвлөлтгүй хөрөнгө оруулалтын бас нэгэн сургамж юм.

-Засгийн газраас эдгээр мухар замуудыг хооронд нь холбож, тойрог зам болгох “Холбоос зам”-ын хөрөнгө оруулалтын асуудлыг энэхүү тодотголоор шийдвэрлэж, Сэлбэ гол болон Туул голын орчны иж бүрэн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх боломжийг нийслэл Улаанбаатар хотод олгож байна.

-Цар тахлын гамшгаас ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдал, улс орны эдийн засгийг аврахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр өдөр шөнийг умартан зүтгэсэн нийт төрийн албан хаагчдадаа Ерөнхий сайдын хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

-Төрийн албан хаагчдын цалин 560 гаруй салангид шатлалыг уялдуулж, анхан шатанд ажиллаж буй төрийн албан хаагчдаас эхлээд тодорхой хэмжээнд бодлогын гадна орхигдсон хөрөөний ир мэт ялгаатай цалингийн тогтолцоог цэгцлэх нь энэхүү тодотголын үндсэн зарчим байлаа.

-Салбар бүхэн өөр өөрийн хуулиар цалингаа тогтоолгосноор Монгол Улсын цалингийн нэгдсэн тогтолцоо алдагдаж, нийгмийн даатгалын сан дампуурлын ирмэгт хүрсэн байна.

-Төр өөртөө шаардлагагүй үйлчилгээ, төрийн өмчит компаниуд, хэт данхайж давхардсан бүтцээсээ салж байж өрсөлдөхүйц цалинтай, өндөр бүтээмжтэй иргэд болон хувийн хэвшлийн сэтгэл ханамжид хүрсэн авлигаас ангид чадварлаг төрийн бүтээмжийг бүрдүүлэх нь ойлгомжтой.

-Энэхүү тодотголын хүрээнд цалингийн хэт ялгаатай байдлыг цэгцэлж, цалингийн шатлалыг 42 суурь системд шилжүүлэх дараагийн алхмыг хийж, инфляцын өмнөх жилийн хувьтай уялдуулж, жил бүр тогтмол нэмэгддэг байх асуудлыг тусгалаа. УИХ хэлэлцүүлгийн явцад төрийн байгууллагын албан хаагчид болон үйлдвэрчний эвлэлтэй санал солилцож, суурь реформын үзэл санааг дэмжиж ажиллана.

-Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд маргаан дагуулсан, 2000 оноос өмнө суурь цалин бага байх үед тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын тэтгэврийн асуудлыг шийдвэрлэнэ

-Цаашид ахмадуудынхаа хуримтлуулсан туршлага, мэдлэг, чадварыг эх орныхоо хөгжил дэвшилд идэвхтэй оролцуулах тогтолцооны шинэчлэлийг хийнэ. 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн иргэдтэй адил түвшинд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх эрхийг хангахыг Засгийн газар бодитоор дэмжих болно.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бодлого тодорхойлоход оролцуулах боломжийг бодлогоор дэмжих болно. Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн парламентад төлөөлөлтэй байж, дуу хоолойгоо илэрхийлэх эрхийг Ерөнхий сайдын хувьд нээх болно гэдгээ илэрхийлж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлагийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө удирдах эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчин бүрдүүлэх хуулийн тусгайлсан шаардлагыг төрийн бүх худалдан авалтад хуульчлан тусгаж, төрийн бүх шатны байгууллагад ажиллах боломжийг эрхзүйн хувьд нээх болно.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжийг 325 мянган төгрөг болгож, асаргаа шаардлагатай хүүхэд, насанд хүрсэн хүнийг асарч байгаа иргэн, эцэг эхэд нь олгодог тэтгэмжийг 255 мянган төгрөг болгон 2-3 дахин нэмэгдүүлэхээр тусгалаа.

-Хөгжингүй улс орнуудад өнөөдөр хамгийн тулгамдаж буй асуудал  бол төрөлт буурах, улмаар ажиллах хүчний хомсдолд орох асуудал болон хувирч байна.

-Цөөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого нь төрийн бодлогын үндсэн цөм гэдэгт улс төрчид нэгдсэн ойлголтод хүрч, олон улсын байгууллагуудтай нэгдмэл байр сууринаас тайлбарлах нь чухал байна.

-Засгийн газраас Оюу Толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, Дубайн гэрээг цуцалж, Эрдэнэтийн 49 хувийн луйврыг таслан зогсоож, суутган тооцолтыг хийж дуусгалаа. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, Нүүрсний хулгайг илчилж, Биржийн арилжааг эхлүүлж, тусгай сангуудын мэдээллийн ил тод болгож, “Чингис”, “Гэрэгэ” бондуудын гадаад өрийг төлж барагдууллаа.

-Завхарсан хариуцлагагүй байдлыг цэгцлэх гэж цар тахал, дайн давхацсан энэ үед хайран цаг хугацааг зарцуулж байна.
 
-Өнгөрсөн хугацааны уул уурхайн ашигт малтмалын лицензүүд хэн хэнд хэрхэн очсон тухай, нийт ард түмний баялаг хэдхэн хүний гарт хэрхэн төвлөрсөн тухай, мэдээллийг Засгийн газар цаашид ил болгож, иргэдийн мэдэх эрхийг хангах болно.