ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга: Алслагдсан 100 гаруй сумыг хөгжүүлж, ахуйг нь сайжруулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-03

Ерөнхийлөгч Х.Баттулга  энэ сарын 01-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн  шинэ хичээлийн нээлтэд оролцлоо. Сэргэлэн сумын сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр  ангид таван сурагч шинээр элсэн суралцахаар бүртгүүлснээс  энэ сарын 01-ний өдөр  дөрөв нь иржээ. Тус сургууль 1935 онд байгуулагдаж, 1980 онд 320 хүүхдийн хүчин чадал бүхий болж, өргөжин тэлсэн байна. Гэвч, Сэргэлэн сумын сургууль нь Зуун мод сумтай ойр байрладаг учир хамран сургалтын хувь жилээс жилд буурч, тойргийн ихэнх хүүхэд аймгийн төвд суралцах болсон байна.  

2018-2019 оны хичээлийн жилд 14 багш, 13 ажилтан, 67 хүүхэдтэйгээр Сэргэлэн сумын дунд сургууль үйл ажиллагаагаа явуулах аж. Сэргэлэн сумын дунд сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтээ “Эх хэлээ дээдэлье” уриан дор хийлээ. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ  “Бид энэ удаад зориудаар Улаанбаатар хоттой хамгийн ойр оршдог сумдын нэг Төв аймгийн Сэргэлэн сумын сургуулийн хамт олонтой  хичээлийн шинэ жилийн баярыг тань хуваалцаж байна. Дараа, дараагийн есдүгээр сарын 01-ний өдөр алслагдаж,  эзэнгүй болж байгаа сумдын сургуульд  очих болно” гэсэн юм. Энэ үеэр холбогдох албаны хүмүүс зайлшгүй анхаарах ёстой зүйлээ Ерөнхийлөгчид уламжилсан юм. Тухайлбал, Сэргэлэн сумын Засаг дарга Э.Энхбаяр “Манай сум аймгийн төвөөс 11 км зайтай. Хүмүүс хот, төвөө бараадаад явчихдаг. Суманд сургуулийн насны 280 хүүхэд байгаа ч 67 хүүхэд суралцаж байна. Хүүхдүүдийг харьяаллын дагуу сумын сургуульд нь сургах хэрэгтэй гэдэг ч албадан суулгах боломжгүй байна” гэв.

Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн захирал Н.Даваадулам “Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу манай сургууль 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтийг “Эх хэлээ дээдэлье” сэдвээр хийж, эхлүүллээ. Манай сургуульд 1981 оноос хойш их засвар огт хийгээгүй. Бид нэн тэргүүнд Ерөнхийлөгч танаас сургуулийн их засварын ажилд анхаарч өгөхийг хүсмээр байна. Манай суманд ажлын байр бий болгож, сурч боловсрох, хөгжих орчин нөхцөлд анхаарахыг хүсмээр байна. Үүнийг дагаад хүн амын суурьшил, хамран сурах хүүхдүүдийн тоо өсөх байх гэж бодож байна” хэмээн хэллээ. Түүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга  “Бид ганцхан Улаанбаатар хотоо хөгжүүлэх тухай ярих биш, улс орон, ялангуяа алслагдсан 100 гаруй сумдаа хөгжүүлж, ахуйг нь сайжруулж байж Монгол Улс хөгжинө. Улаанбаатар хотоос 60 орчим км зайтай энэ сумдаа анхаарч, бүтээн байгуулалт хийж, хүн амьдардаг болгомоор байна.Сэргэлэн сумын нутагт байгуулагдах Майдар хотын асуудлыг олон жилийн дараа шийдлээ. бид шинээр сум, суурин, хот байгуулж, ахуйг сайжруулна” хэмээн хариулсан юм.