ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жаргалан: Эв нэгдэлтэй, хүчирхэг багийг бүрдүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-09-25

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны "Дээд чуулган" өнөөдөр "Корпорейт" зочид буудалд болж, шинэ Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Тэгвэл АЭХ-ны дараагийн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд буй АН-ын ҮБХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн Н.Батбаярын охин гэдгээр эчнээ таних болсон Б.Жаргалан дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “АЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль маш өрсөлдөөнтэй болж байна. Улс төрийн олон жилийн туршлагатай эмэгтэйчүүдээс гадна, шинэ гишүүд ч өрсөлдөж байгаа. Ардчилсан нам тодорхой асуудлуудад ямар байр суурийг баримтлах, сонгуульд хэрхэн оролцох, мөрийн хөтөлбөр нь ямар байх, иргэдийн амьжиргаа, амьдрах орчныг хэрхэн бодитоор дээшлүүлэх зэргээр нийгэмд хүлээлт өндөр байна.

Өнөөдрийн сонгуулиар АЭХ-ны зүгээс цаашдын сонгуульд, мөрийн хөтөлбөрт ямар бодлого баримтлах анхны чиг гарах байх. Энэ утгаараа том сонгууль болж байна. Бусад нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг анхааралтай харж байгаа. Энэ хурлаас эв нэгдэлтэй, хүчирхэг багийг бүрдүүлж, ард түмэнтэйгээ уулзана. 

Хэрвээ би АЭХ-ны Ерөнхийлөгч болбол жендэрийн 30 хувийн квотыг босго гэж үзэж, цаашдаа 40, 50 хувь болгоход чиглэсэн мөрийн хөтөлбөрийг танилцуулах болно. Ардчилсан нам шат шатандаа Засаг дарга, Иргэдийн хурлын төлөөлөгч нарыг олноор төрүүлэх шаардлага бий. Тиймээс орон нутгийн сонгуулийн хуульд онцгой анхаарна. Намын дотоод ардчиллын хүрээнд аль болох бүх шатны намын байгууллагын даргад эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжиж нам доторх нөлөөллийн ажлыг идэвхжүүлнэ гэх мэтээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа.

Ардчилсан нам аль болох олон эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж, намын удирдах албан тушаалд тавьж чадах юм бол тэр хэмжээгээр ирэх жилийн сонгуульд Ардчилсан нам өөр өнгө төрхийг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Эрхэм уншигч танд нэр дэвшигч Б.Жаргалангийн намтрыг хүргэж байна.