АЭХ-ны тэргүүнд нэр дэвшигч, олноо "Элийрэгч" буюу твиттерийн нэрээрээ эчнээ танигдсан Цоггэрэлийн Уянгын байр суурийг уншигч танд хүргэж байна. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй энэ бүсгүй олны хүндлэлийг ил шулуухан үг яриа, этгээд донжтой жиргээгээрээ татдаг бөгөөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой Ардчилсан намыг сонгож, гишүүнээр элссэн билээ.
Тэрбээр, өрсөлдөөнд орж ирсэн шалтгаанаа ярихдаа "Миний шийдвэр нийгмийн хүлээлт. Нийгэм өөрөө АН-ыг хүлээж буй. Улс орны эдийн засаг, нийгмийн байдал ямар байгааг та бүхэн мэдэж буй учраас давтаж яриад яах юм. АН-аас ямар нэгэн аврал хүлээсэн том итгэл, хүлээлт байгаа. Хүлээлтээс шалтгаалж бидэнд итгэлээ өгөх үү гэдэг нь шалтгаална. Цаашид энэ чуулганаас ямар сонголт хийхээс хамаарч, АН-ын дараа, дараагийн удирдлагын шатны өрсөлдөөн шударга явах эсэх нь хамаарах билээ. Би ч гэсэн хүлээж байна.
Эмэгтэйчүүдийг цаашид бүлэглэл, фракцид хуваагаад, өөрсдийнхөө гар хөлийн үзүүрт байлгадаг буруу соёлыг арилгаж байж л тогтсон үнэт зүйлийн тухай ярина. Энэ чуулган үүний сорилт, шалгуур юм. Сонгууль дөнгөж эхэлж байна. Энэ хаалгаар орж ирэхэд л нэрсийн жагсаалтаас эхлээд асуудал үүсэж байна. Энд өрсөлдөж буй хүмүүсийн зоригийг мохоох, өрсөлдөөнд шударга өрсөлдөх боломжийг битгий хаагаасай. Процесс өөрөө ил тод шударга явагдаасай. Нэгнээсээ жийрхсэн хандлага өнөө хэр арилаагүй байна. Нам цаашдаа эвлэж, нэгдээд явах бол уур амьсгалаа зөөллөх л ёстой. Цаашдаа энэ хэвээр явж болохгүй. Үг үйлдэл болгоноос өө хайя гэвэл өөгүй, цэв цэвэрхэн хүн олдохгүй байх. Би АН-д ороод хоёр сар болсон. Бие болон хувь хүний эрх чөлөө маш чухал. АН-ын байр суурин дээрээс миний хувь хүний эрх, үзэл бодлыг харлуулж ярьмаар байгаа бол тэр эрх нь нээлттэй" гэв.
Нэр дэвшигч Ц.Уянгын намтрыг эрхэм уншигч танд хүргэж байна.