АЭХ-ны дараагийн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд буй АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, “АЭХ-ны Ерөнхийлөгчийг сонгохоос илүү Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад эмэгтэйчүүд бид хэрхэн оролцох, ямар бодлогыг дэмжиж ажиллах вэ гэдгээ ярьж буйгаараа өнөөдрийн чуулган эмэгтэйчүүдийн бодлогын мэтгэлцээн болж байна.
АЭХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллавал өөрийн тодорхойлсон үндсэн зарчмын дагуу ажиллана.
Нэгдүгээрт, эв нэгдэл. Ардчилсан намын эв нэгдлийг эмэгтэйчүүд бид манлайлах учраас ялсан ч, ялагдсан ч хамтарч ажиллана.
Хоёрдугаарт, Ардчилсан нам нэр дэвшүүлэх эмэгтэйчүүдээ одооноос бэлтгэх ёстой. Үнэнийг хэлэхэд аймаг, сум, баг дүүрэгт дэвших эмэгтэйчүүд бэлэн биш байдаг учраас бид бэлдэх ёстой. Эмэгтэй Засаг даргатай, эмэгтэй олон төлөөлөлтэй сум манай Ардчилсан намд олон байгаа. Энэ эмэгтэйчүүдийнхээ тэргүүн туршлагаас суралцахын зэрэгцээ дэлхийн туршлагыг ч бид авч үзнэ.
АЭХ-ны сонгууль анх удаагаа ардчилалтай сонгууль болж байна. Намд элсээд хоёрхон сар болж буй хүнд АЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг бид олгосон. Үүнийг нийгмийн шаардлага гэж харж байна. Эмэгтэйчүүдийн холбоонд удаан байснаараа туршлага хуримтлуулсан гэж үзэхгүй. Гурван үеийн залгамж холбоо байх учиртай юм” гэлээ.
Уншигч танд нэр дэвшигч Д.Эрдэнэсувдын намтрыг хүргэж байна.