ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

П.Сайнзориг: Согтуугаар машин жолоодсон бол эрүүгийн хэрэг гэж зүйлчилнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-09-25

Хурд хэтрүүлсэн, зам тээврийн дүрмээ баримтлаагүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх мэт олон хариуцлагагүй жолоочийн буруутай үйлдлээс болж жилд 250 гаруй хүүхэд нас барж, мөн тооны иргэд ослоор алтан амиа алдаж буй билээ.

Тиймээс энэ намрын чуулганаар Зөрчлийн болон Эрүүгийн хэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, автомашины ослын хариуцлагыг чангатгах, цаашлаад эрүүгийн хэргийн хэмжээнд ял оноох асуудлыг хэлэлцэх талаар Автозамын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдэгдсэн.

Тэгвэл энэ хуульд ямар өөрчлөлт оруулахаар бэлтгэж буй талаар Хуульзүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос сэтгүүлчид дараах байр суурийг авчээ. П.Сайнзориг ярихдаа “Хувь хүний хариуцлагагүй байдлаас шалтгаалсан осол аваар их гарч, бага насны хүүхдүүд амиа алдах асуудал ихэслээ. Жилд  дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, гэмт хэрэг үйлдэж байгаа 33 мянган этгээдэд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг. Эдгээр хүмүүст хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгах асуудлыг ярьж байна. Хэвлэл мэдээллээр дамжуулан иргэд зөв мэдээлэлтэй байгаасай гэж хүсэж байна.

Хулгайг ч бид цаашдаа хохирлын хэмжээнээс үл хамааран гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болгох асуудлыг ярьж байгаа. Гэтэл наймхан ишиг гэх мэтээр асуудалд хандаж байгаа. Залуусыг шоронжуулж байна, торгууль шийтгэлийн орлогоор төсөв бүрдүүллээ гэх шүүмжлэлтэй дандаа тулгардаг. Энэ оны эхний байдлаар хүүхдийн тоог харахад л 37 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдсан тоо баримт байгаа юм. 2017 онд гэхэд 96, 2018 онд 135 гэх мэтээр өссөөр 2023 оны эхний найман сарын байдлаар 50 хүн амиа алджээ. Үүнийг бодлогын хүрээнд өөрчилнө. Жил болгон 100-аас дээш хүнээ согтуу жолоочийн гарт алдана гэдэг дэндүү харамсалтай. Цаана нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй 33 мянган иргэн ч нэг өдөр ийм хэрэг үйлдэхгүй гэх газаргүй. Хоносон архи үнэртүүлж төсөв бүрдүүлэх гэхээс илүү тэр хүний согтуу гараагүй, авхаалж самбаа гаргах ур чадвар байхгүй болдог учраас л хүний амь нас үрэгдэж буйг иргэд ойлгох хэрэгтэй. Засгийн газарт бид саналаа танилцуулаад дэмжсэн тохиолдолд УИХ-д оруулна” гэлээ.

Одоогоор, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний аминд хүрсэн бол 2-8 жилийн ял оноож буй бол тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан жолоочийг 400 мянган төгрөгөөр торгож, нэг жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах Зөрчлийн шийтгэл ногдуулж буй. Тэгвэл тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож зөрчил гаргасан бол хүний амь нас хохироосон эсэхээс үл хамааран эрүүгийн хэрэг гэж үзэхээр хуулийн өөрчлөлт оруулж ирэх аж. Хүний биед хөнгөн, хүнд гэмтэл учруулсан бол Эрүүгийн хуулиар ялаа хүлээлгээд явна гэлээ.