ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Амарсайхан: Үндэстэн сэргэн мандахад залуу үеийн үүрэг оролцоо асар их

O.Admin
2023-09-25

“Бизнес эрхлэгч-Залуу манлайлагч” хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ, JCI Монгол байгууллага хамтран зохион байгуулжээ. "JCI Прогресс" салбар байгууллага нь “Хөгжлийн гарц XI” уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон JCI Монгол байгууллага гэсэн гурван талт хэлэлцүүлгийг “Бизнес эрхлэгч-Залуу манлайлагч” сэдвийн хүрээнд Монгол Улсын хөгжлийн гарц, тэр дундаа Шинэ Сэргэлтийн бодлого, Бизнес эрхлэгч залуучуудад тудгамдаад байгаа асуудлын талаар Монгол Улсын идэвхтэй залуу иргэдийн төлөөлөлтэй зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, “Шунхлай” группийн ерөнхий захирал П.Батсайхан, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар оролцож, залуусын асуултад хариулсан юм.

Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “JCI байгууллагын нэгэн цагийн Ерөнхийлөгч Кентара Харадагийн гайхалтай ишлэл байдаг. “JCI бол өөртөө үйлчлүүлэх дэлгүүр буюу супермаркет биш, энэ бол фитнесс юм” гэж. Үнэхээр ч эерэг өөрчлөлтийн төлөөх гэгээн зорилгоор нэгдсэн залуу үе зөвхөн асуудлыг яриад суух биш, нэгдэж хамтарч шийдэл гарцыг эрэлхийлдэг, түүнийхээ төлөө төсөл хөтөлбөрүүд санаачилж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх үр дүнд хүргэдэг орчин. Бэлэнчлээд суух биш, бүтээн босгохын төлөө эрсдэл бэрхшээлийг туулж, даван гарч амжилтад хүрдэг энэхүү сургамж нь маш их таалагддаг. Тиймээс Монголын нийгмийг ч бас, хөгжлийн бодлогыг ч тэр тасралтгүй дэвжин хөгжиж байдаг “фитнессын горимтой” болгоход та бүхэн чухал хувь нэмэр оруулж байдаг.

Үндэстэн сэргэн мандахад залуу үеийн үүрэг оролцоо асар их бөгөөд нэн чухал. Тэр дундаа эерэг өөрчлөлтийн төлөөх идэвхтэй залуусын давлагаа, тэдний бодит оролцоо асар их үүрэг гүйцэтгэж, хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг төрийг бэхжүүлж, эрх чөлөөт хүмүүс эдийн засгийн шударга ёсыг тогтоож,эх орны маань хөгжлийг хурдасган, энэ нийгмийн эрхэм баялаг үнэ цэн нь ахмад, дунд, залуу үеийнхний мөн чанарт оршино гэдэгт би эргэлзэхгүй байна” гэсэн юм.

Тус уулзалт ярилцлагад JCI Монгол байгууллагын 17 салбарын төлөөлөл болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын нийт 600 орчим гишүүд оролцлоо.

JCI байгууллага нь дэлхийн 115 улсад 5,000 орчим салбар байгууллагатай, 145,000 гаруй идэвхтэй гишүүн, 1 сая гаруй дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн, ажил хэрэгч, залуу манлайлагчид сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, шашин, улс төрөөс ангид гишүүддээ үйлчилдэг байгууллага юм. JCI Монгол байгууллага нь 1992 онд үүсгэн байгуулагдсанаас хойш нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох зорилгынхоо хүрээнд нийгмийн сайн сайхан, боловсрол, эрүүл мэнд, байгаль экологи, бизнес хамтын ажиллагаа, хувь хүний хөгжилд чиглэсэн 70 гаруй төсөл хөтөлбөрийг жил бүр JCI Монгол байгууллагын хэмжээнд болон 17 салбар байгууллага 1,300 гаруй гишүүдээрээ дамжуулан хэрэгжүүлж байгаа аж.