ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Анхбаяр: АИ92 бензин 30-аас дээш хоногийн нөөцтэй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-09-25

Шатахууны асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө. 

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Засгийн газраас дотоодын жижиглэнгийн шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээний хүрээнд газрын тосны зарим бүтээгдэхүүний экспортод хязгаарлалт тогтоох шийдвэр гарсан. Энэхүү хязгаарлалтад Монгол Улс багтаагүй гэдгийг ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчлахдаа мэдэгдсэн.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор УУХҮ-ийн яам цаашдаа Роснефть компанитай хэрхэн хамтран ажиллах, бүтээгдэхүүнээ яаж хэвийн үргэлжлүүлэн авах талаарх албан захидлыг ОХУ-ын Эрчим хүчний яам руу илгээлээ хэмээн УУХҮ-ийн яамнаас мэдээллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр "Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт ОХУ-ын Засгийн газраас дотоодын хэрэглээ болон үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд газрын тосны зарим нэг бүтээгдэхүүн болон авто бензиний экспортыг тодорхой хугацаагаар хязгаарласан тогтоол шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын өргөн хэрэглээний АИ92 болон дизель түлшний тодорхой гаалийн кодоор хязгаарлалтад орсон мэдээллийг өгч байсан.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин манай улсад айлчилсан. Айлчлалын үеэр тус Засгийн газрын тогтоолоор Монгол Улс шатахууны хязгаарлалтад орохгүй гэдэг мэдээллийг өгсөн байгаа. Үүний хүрээнд УУХҮЯ-наас Роснефть компанитай бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэх талаар албан захидлыг ОХУ-ын Эрчим хүчний яаманд хүргүүлж байна.

Монгол Улсад шатахууны нөөцийг таслахгүй байх арга хэмжээг авч ажиллаж байна. 161 дүгээр тогтоолоор шатахууны нөөцийг баталсан байдаг. Үүнд шатахуун болон авто бензиний 30 хоногийн нөөцтэй байхаар тогтсон. Одоогийн байдлаар шатахууны хэвийн нөөцтэй байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дизель түлшний 40, АИ92 бензиний 30-аас дээш хоногийн нөөцтэй байна. Шатахууны нөөцийг таслахгүй байхаар ажиллана" гэлээ.