ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

А.Адьяасүрэн: Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хүчирхэг байх ёстой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-09-25

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган өнөөдөр  болж, ерөнхийлөгчөө сонгох юм.  Тус чуулганд  21 аймаг есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож АЭХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгон баталгаажуулна. Тус холбооны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан, "М-Ойл" группийн захирал Б.Пунсалмаа,  Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа, ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд, АН-ын гишүүн Ц.Уянга, АН-ын гишүүн Н.Одонгуа нар дэвшиж байгаа билээ. Ингээд тэдний байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн: 

-Өнөөдөр ардчилсан эмэгтэйчүүд чуулж байна. Ардчиллын зарчим нь цөөхнөө хөндөх, олонхийн санал байдаг. Ямар ч шийдвэр гарсан бай, зөв шударга сонгууль болох байх гэж нэр дэвшигчийн хувьд харж байна. Санал хураалтын дүн шийдэх байх. Ил тод шударга зөв өрсөлдөөсэй бодож байна. Манай нам бүх эмэгтэйчүүдийн тэг эрхийг хангахаар ажилладаг.  Шинэ салхи, шинэ өөрчлөлтийг авчрах байх. Миний хувьд ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хүчирхэг байх ёстой. Тиймээс манай холбоо санхүүгийн хувьд бие даасан байх ёстой. Мөн орон нутаг руу чиглэсэн үйл ажиллагааг тэлэх ёстой юм. Манай орон нутгаас АН-аас сонгогдсон ганц эмэгтэй гишүүн бол би. Орон нутгийн зовлон жаргалыг сайн мэддэг учраас Баянхонгор аймагт эмэгтэйчүүдийн манлайллын төслийг хэрэгжүүлсэн. Аймгынхаа 21 сумыг бүгдийг нь цахимжуулсан. Сайн туршлага дээрээ үндэслээд улс даяар цахимжуулах бодлогыг баримталж байна. Миний хувьд жагсаалтад орох нь миний сонирхол биш. Миний хувьд УИХ-ын гишүүн, эмэгтэйчүүдийнхээ манлайллыг дэмжих, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх квотыг 30 хувь болгоход оролцсон хүний хувьд туршлага, чадвар, мэдлэгээ практикт хэрэгжүүлнэ.