“Бүс ба зам” гурав дахь удаагийн бага хурал энэ сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болно. Олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцож байгаа бөгөөд өнөөдөр /2023.10.17/ эх орноосоо морджээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дагалдан ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Шадар сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нарын албаны хүмүүс явсан байна.
“Бүс ба зам” чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцох бөгөөд олон улсын ажиглагчид түүнийг энэ удаа “Сибирийн хүч- 2” хоолойн гэрээг баталгаажуулах алхам хийнэ хэмээн таамаглаж байгаа юм. Сибирийн хүч 2 нь Ямалын хойгоос олборлосон байгалийн хийг Монголын газар нутгаар дамжуулан БНХАУ-д хүргэх хоолой барих төсөл юм. Тэгвэл өнөөдөр орой 21:00 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзах аж. Тус уулзалтад Оросын талаас Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийг орлогч дарга А.В.Новак, Газпром НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер, НК Роснефть НХН-ийн Ерөнхий захирал И.И.Сечин нар оролцох юм байна.