ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Бат-Эрдэнэ: Дөрвөн залуу нийлээд ганц машин аваад хөрс хуулахад яахав дээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-12-04

Нүүрсний хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ нүүрсний сонсголд гэрчээр оролцож байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ:-Нүүрсний сонсгол маш их ач холбогдолтой. 2022 оны зургадугаар сарын 22-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар даргад “УИХ-ын 25 гишүүн тогтоолын төсөл өргөн мэдүүлж” байсан юм. Өөрөөр хэлбэл, нүүрсний хэргийн талаарх хянан шалгах түр хороог зохион байгуулах тогтоолын төсөл гэсэн үг. Энэ хүрээнд нүүрсний асуудлыг ярих боломж бүрдсэн. Өнөөдрийн сонсголд намайг УИХ-д гурван удаа сонгосон, өмнөговьчуудын минь  ганц авч үлдсэн уурхай юм.

Монгол Улсын эдийн засгийн 93 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг. Үүний 89 хувийг Өмнөговийн уурхайнууд бүрдүүлдэг. Зөвхөн 0.4 хувьд орон нутгийн жижиг Тавантолгой ХК ажилладаг. Өмнөговьчууд уурхайгаас ногдол ашиг хүртэж, орон нутгаа хөгжүүлдэг. Улсаас тавьж өгсөн төсвийг хэзээ ч голж байгаагүй. Жил бүр бага төсөвлөгддөг. Эхлээд таван ам.доллар байсан.

Сүүлд нэмэгдээд 20 гарсан. Монголын эдийн засгийг тэлэх асуудлыг өмнөговьчууд хийж чадсан. Та бүхэн долоо хоногийн дотор сайн ажиллажээ. Маш хүчтэй төхөөрөмж ашигласан байна. Шууд гүтгэлгийн шинж чанартай мэдээллүүд байна. Нэгнээ муулаад Монгол хөгжих үү.

...Эдийн засаг тэлэхгүй бол улс намчирхаад дуусна. Өнөөдөр ДНБ нэг хүнд 5000 ам.доллар байгаа. Үүнийг 10 мянгад хүргэмээр байна. Ингэж байж улс орон хөгжиж, улстөржилт нь намжина. Нам гэсэн масканд дарагдаж байна...

Мэдээж олборлолт маш чухал. Зардлыг  багасгах хэрэгтэй. Орлого нь зардалаасаа давж байж, ашиг олно. Өнөөдөр хөлс хуулалтыг хэдээр, яаж хийсэн бэ гэдгийг нь тодотгох ёстой. Хамгийн хямд зардлаар бид хийж байсан.  Миний өмнөговьчууд өнөөдөр бүгд надтай холбогдож байгаа. Хэдийгээр та бүхэн уулзах эрхийг минь хаасан ч би ярьж, хөөрдөг. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеийг сануулж байна гэж, иргэд ярьж байна.

Гэтэл УИХ-ыг бид хүн айлгасан байцаан шийтгэх маягтай болгочихсон юм бэ. Яагаад ирэхгүй бол эрүүгийн хуулиар айлгадаг болсон юм бэ. Мэдээж би оролцоно. Хянан шалгагч, шинжээч нар хамгийн эхэнд тавигдсан Энгүүмэл, Ёлын домог ХХК-иудыг миний хамааралтай гэж ярьж байна.

Энэ нь намайг олны өмнө хулгайч гэж цоллож байна. Үүнийгээ анхаараарай. Манай өмнөговьчууд айдастай байна.

Гэвч миний хувьд иргэдээ дэмжсэн хэвээр байна. Дөрвөн залуу нийлээд ганц машин аваад хөрс хуулахад яахав дээ. Миний өмнөговьчууд хийх юм бэ. Мал бэлчээх газаргүй, төсвийн мөнгө байхгүй шүү дээ. Би үүнийг сонгуулийн өмнөх ажил битгий байгаасай. Цаашид нэгдмэл зорилготой Монгол Улсын хөгжлийн төлөө байгаасай гэж бодож байна. Би худлаа ярьж, хулгай хийгээгүй. Монголын ард түмэндээ, өмнөговьчууддаа хандан хэлмээр байна. Худал хуурмаг мэдээлэл цацдаггүй, гаргадаггүй баймаар байна. Хэдүүлээ одоо 1072 хувьцаагаа эзэнтэй болгомоор байна.