Одоогоос 12 жилийн өмнө буюу 2011 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Говь эрдэнэс групп”-ын Гүйцэтгэх захирал Г.Мэргэнбаяр нь "Тавантолгой" ХК-тай 50 сая ам.долларын нүүрс тээвэрлэх гэрээ байгуулсан баримт өчигдөр ил болсон. Г.Мэргэнбаяр нь мөн “Акмиконсалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд тус компаний үүсгэн байгуулагч нар нь тухайн үеийн МҮДН фракцийн нөлөө бүхий улстөрчид болон тэдний үр хүүхдүүд байсан гэх баримтыг бид хүргэсэн билээ.
Тодруулбал,
-Өнөөгийн АН-ын дарга Лу.Гантөмөрийн эхнэр А.Туул
-Аж үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат
-Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг
-Эрчим хүчний сайд асан Д.Зоригт
-УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы охин Б.Нарангоо
-УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин, өдгөө АЭХ-ны тэргүүнээр ажиллаж буй Б.Жаргалан
-УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын хүү А.Азбаяр нар хамтран тус гэрээг байгуулан нүүрс тээвэрлэсэн гэх баримт гарсан. Тэгвэл АН-ын дарга Лу.Гантөмөр энэ асуудалд өчигдөр албан ёсоор хариу тайлбар өглөө.
Лу.Гантөмөр хэлэхдээ "Нүүрсний сонсгол явагдаж байна. Ялангуяа сүүлийн найман жил 5.7 сая тонн нүүрсийг Монголын хилээр гаргасан байгаа юм. Үүний хариуцлагыг сүүлийн найман жилд төрд суусан эрх баригчид хүлээх ёстой. Харамсалтай нь сүүлийн найман жилээ бус түүнээс өмнө явагдсан нүүрсний асуудлыг өөрийнхөө хулгайтай зэрэгцүүлж, АН-ынхан хулгайч мэтээр явуулдаг жишиг бий боллоо. Өнөөдөр гэхэд МҮДН фракцийн гишүүд нийлээд 50 мянган тонн нүүрсний гэрээ байгуулсан мэтээр ярьж байна. Би 20 жилийн өмнө МҮДН фракцид байлаа. Клуб байгуулаад үйл ажиллагаа явуулъя гэж ярьж байх үед би тэр фракциас гарч, үлдсэн нөхөд маань өнөө хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа.
Одоо ямар үйл ажиллагаа явуулж байгааг би мэдэхгүй. энэ компани ямар нэг байдлаар бизнес хийгээд, худалдаа хийгээд явсан гэж мэдэхгүй байна. Манай эхнэр тус компаний үйл ажиллагаанд оролцож үзээгүй. Юм бүхэн дээр Лу.Гантөмөрийн эхнэр, хүүхэд рүү дайрах ажлыг цаашдаа ч хийх байх. Ардын намынхан та нар жаахан ичмээр байна аа. Та нарт үр хүүхэд байгаа шүү. Гэр бүл гэдэг нандин зүйлийг улс төрийн хэрүүлтэйгээ холиод яваад байх юм бол Монголын ирээдүй байхгүй болно. Залуу хүмүүс алдаж онож буйг мэднэ. Би ч тэр компанийг байгуулж байхад залуу байж. Залуу хүн алдаж болно. Гэхдээ юм болгонд эхнэр, хүүхдээр нь оролддог байж болохгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.