ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Энэбиш: Намайг шударга бусын хонгилоор чирэх гээд байсан юм

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-12-06

Нүүрсний сонсголын үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн анхны захирал Б.Энхбиш өөртэй нь холбоотой мэдээ, мэдээлэлд тайлбар өглөө. 

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш

-Миний хувьд Монголын уул уурхайн  хоёр том төсөл буюу Оюутолгой, Тавантолгойг өөрийнхөө удирдаж байсан хамт олонтойгоо үйл ажиллагааг нь эхлүүлсэн хүн мөн. Оюутолгойн хувьд Засгийн газрын хэлэлцээртэй  байсан учраас бид хар ажлыг нь хийсэн гэж хэлж болно. Гэхдээ хувь нийлүүлэгчийн гэрээнд гарын үсэг зурж байсан. Тавантолгойн хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” хоёрыг бол мөрөн дээрээ хариуцаж  ажиллаж байсан. Намайг ажлаа өгсний дараагаас эхлээд нэг улс төрийн нам солигдохоороо нөгөөхөө үгүйсгэдэг Монголын улс төрийн дэг жаягын дагуу өмнөхөө харлуулж эхэлсэн. Би шулуухан хэлье.

2008 онд МАН /МАХН/,  АН-ын нэг нь  иргэдэд 1.5 сая төгрөгийг бэлнээр нь өгнө гэсэн улс төрийн амлалттай. Нөгөө нь сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцааг олгоно гэсэн амлалттай сонгуульд ороод, дараа нь хамтарсан Засгийн газар байгуулсан. УИХ, Засгийн газрын түвшинд энэ хоёр ордыг эхлүүлэхээр тогтоол шийдвэр гаргасан. Энэ ажлыг гүйцэтгэхийн төлөө би ажилласан. УИХ, Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн тохиолдол байхгүй. Бид үүргээ  маш амжилттай биелүүлсэн. Үүнийг чиглэсэн надтай холбоотой асуудал гарсан. Тухайн үед намайг  АТГ, Эрүүгийн цагдаагийн алба шалгасан. Миний хувьд ажлаа өгөөд, охин төрөх дөхсөн тул Австрали руу явсан хойно хэвлэл мэдээллийн хэрэгслээр  асуудлууд гарч эхэлсэн. Надтай холбоотой гурван асуудлыг ярьдаг.

Тухайлбал,  Чалькогийн гэрээг буруу хийсэн. Дараа нь хятадын 60 тонны даацтай 10 машин худалдан авсан. Эвдрээд байна, яагаад худалдан авалт хийсэн бэ. Хэдэн дугуй тендерээр авсныг  буруу худалдан авалт хийсэн гэх зэргээр асуудлыг ярьдаг.

Тухайн үед АТГ-т асуудал үүсгэсэн юм билээ. Би сайн мэдээгүй. Гэхдээ шулуухан хэлэхэд, хэлмэгдүүлэх шинж тэмдэг ажиглагдаж байсан. Тэр үед шударга бусын хонгил байгуулагдсан гэж ярьдаг биз дээ. Тиймээс би энэ хонгил руу эхний ээлжинд орох гэж байгаа юм байна гэдгээ мэдсэн учраас гэр бүлээрээ хэдэн жил амьдарлаа. Надад хуулийн байгууллагаас тайлбар өгөөч гэж нэг ч удаа хандаж байгаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэн гуйвуулж оргон зайлсан гэж бичдэг. Би оргон зайлаагүй. Ер нь шударга бусын хонгилоор чихэгдэх гээд байсан учраас гадаадад хэдэн жил амьдарсан. Монголд гурван жилийн өмнө ирсэн.