“Тавантолгой ХК-тай 2013 онд 100 мянган тонн нүүрсний гэрээ хийж байсан “Женерал тех” компанийн эцсийн өмчлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийнх нь төрсөн дүү Х.Болдбаатар бүртгэлтэй байдаг баримт Нүүрсний хяналтын сонсголын үеэр ил болсон билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгджорийг гэрчээр дуудсан ч гадаад улсад явж байгаа хэмээн ирэхээс татгалзсан.
Харин Х.Болдбаатарын хүү Б.Батболд нь тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд өдгөө "news.mn" сайтын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм. Харин Д.Батболд, УЕП асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар нар хамтран “Глобал аппарел лимитед” ХХК-ийг хамтран эзэмшиж буй учраас холбоо хамааралтай гэж үзжээ.
Тэгвэл твиттер хуудсанд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос нэгэн иргэн энэ талаар тодруулахад "Гуя дагуулж хүзүү гэгч болж хө. Тодрууллаа хө. "Найз нь 20 тэвш нүүрс гаргалаа. Мөнгөө авч чаддаггүй ээ. Данс хаачихлаа. Танайхаар дамжуулаад олж авмаар байна" гэж Нөгөөх нь тэгээ гэж. Бусад нь худал. Үнэн гутлаа өмсөж байхад худал дэлхийг тойрдог гэж" хэмээн хариу тайлбар өгчээ.