ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ШИНЭ СЭРГЭЛТ: Монгол Улсыг дэлхийтэй холбох таван цагариг зам

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2024-01-30

Зам дагаж хөгжил  гэх нь бий. Зарим нь “Автозам бол улс орны хөгжлийн артер, венийн судас" хэмээн тодорхойлжээ. Тэгвэл энэ өдрүүдэд гурван жилийн ойгоо хийсэн ажилтай, хэлэх үгтэй тэмдэглэж буй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар улс орны хөгжлийн амин чухал судас болох автозамын бодлогыг мартсангүй бас гээсэнгүй.  

Тодруулбал, "Шинэ сэргэлт"-ийн бодлогын  хүрээнд Хөдөөгийн сэргэлтэд онцгойлон “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байгаагаа зарласан нь энэ цагийн хамгийн шилдэг хийгээд оновчтой шийдлийн нэг байлаа. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсыг дэлхийтэй холбох шинэ жим, шинэ замын төслийг тэрбээр эхлүүлж чаджээ. Энэхүү төслийг эхлүүлэх, бүтээн байгуулах хөрөнгө мөнгийг ч 2024 оны төсөвт харамгүй суулгасан байх юм.

Улс төрийн амлалт гэхээс илүүтэй улс орны хөгжлийг тодотгох их бүтээн байгуулалт  энэ  оноос эхлэх бөгөөд төсөв мөнгөний асуудалгүй, торж саатах зүйлгүй байхаар шийдвэрлэсэн үг.

Ерөнхий сайдын хувьд  “Мянганы зам”-ын дараагийн том алхам бол “Хөдөөг сэргээх Таван тойрог зам” нь аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбох төсөл билээ. Энэ төслийн хүрээнд 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэх аж.

Ингэснээр Хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн орон сууцжуулалт, төрийн албан хаагчдын урамшууллын систем, хотын шинэ эрхзүйн орчин, тойрог хурдны зам зэрэг цогц асуудлууд энэ оноос эхлэхийг онцолж байв. Засгийн газрын Шинэ сэргэлтийн “Таван цагираг” хөтөлбөрийн хүрээнд бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбох, урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын босоо таван коридортой болох ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэв. Тэгвэл энэ онд зам тээврийн салбарт 96 төсөл хэрэгжих бөгөөд 601.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар болжээ.

 

Тухайлбал, “Таван цагариг” буюу бүсчлэлээр замуудаа төлөвлөж, бүтээн байгуулалтаа эхлүүлэх юм билээ. Баруун аймагт дөрөв нь хөндлөнгөөрөө холбогдсон байгаа. Тэгвэл босоо хоёрыг холбохоор цагираг үүснэ гэсэн үг. Доод хоёр цагариг буюу Чойроос Дундговь, Мандалговь, Өвөрхангай  гээд хөндлөн зам эхэлнэ гэсэн үг.  Мөн Орхоны гүүрнээс шууд Улаанбаатар руу ирдэг болно. Хөвсгөлд аялал жуулчлалын зам явна. Зүүн чиглэлд Хэнтийн зам Ульхан боомт руу явдаг байхаар төлөвлөжээ.

Энэ онд зам тээврийн салбарт дараах бүтээн байгуулалтууд хийгдэх нь ээ. Тодруулбал, 

-Бага илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын гурван шинэ коридорыг нэмж байгуулна.

-Хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн хоёр коридортой болно.

-Чойрыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Чойбалсанг-Баруун-Урттай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Өлгийг-Улаангомтой, Улиастайг-Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг-Ховдтой гэх мэтээр аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбосон хатуу хучилттай авто замууд барина.

-Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл нийтдээ 89.13 км байх юм. Эхний ээлжний бүтээн байгуулалтыг эхлүүлэх бөгөөд 2024-2026 онд ашиглалт оруулахаар тооцжээ.

-Алтай-Улиастай 198 км авто замыг барих ажлыг эхлүүлнэ. Нийтдээ 47.6 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

-Улиастайгаас Цэцэг сумыг холбох 32.4 км замыг барина.

-Баянхонгор-Шаргалжуут 54.176 км-ын эхний үе шатыг тавина.

-Арвайхээр –Хужирт 43.3 км замын ажлыг эхлүүлнэ.

-Баяндалай-Гурвантэс нийтдээ 80 км замыг 134.2 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөжээ.

-Чойр-Мандалговь-Арвайхээр 487.73 авто зам барихаар төлөвлөжээ.

-Хамрын хийдийн уулзвараас Зүүнбаян хүртэл 8.2 км

-Бор-Өндөр-Хэрлэн 179.7 км

-Баруун-Урт-Сүхбаатар 61.9 км

-Жаргалтхаан-Дэлгэрхаан 56.2 км

-Өмнөдэлгэр-Биндэр 145.12 км

-Ерөө-Бугант 27.8 км

-Улаанбаатар –Хөтөл –Эрдэнэт 92.1 км

Мөн "Шинэ сэргэлт"-ийг дэмжих хөгжлийн тойрог автозамын үндэсний сүлжээ бий болох зорилтын хүрээнд 32 төсөл эхлүүлэхээр болсон билээ. Дээр хэлсэнчлэн, аймгийн төвүүдийг хатуу хучилттай автозамаар холбох, сумдыг улсын чанартай автозамтай холбох бөгөөд санхүүжилтийг гадны зээл тусламжаар шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Эргэн сануулахад, одоогоос 23  жилийн өмнө Н.Энхбаярын Засгийн газар хэрэгжүүлэхээр зарласан "Мянганы зам" өнгөрөгч онд  амжилттай дуусгавар болов. Энэхүү төслийг үе үеийн Ерөнхий сайд, Засгийн газар дэмжин ажилласнаар Улаанбаатар хот 21 аймаг засмал замтай болж, хөгжил дагасан бүтээн байгуулалт ийнхүү хэрэгжиж өндөрлөлөө.

Нийтдээ 7000 гаруй км замын бүтээн байгуулалт өрнөж, дууссан нь энэ юм. Өөрөөр хэлбэл, Мянганы зам Мянгуужингийн үлгэр бололгүй Монгол Улс хөгжил, хот, хөдөөг холбосон их бүтээн байгуулалт болсон гэдгийг цаг хугацаа харууллаа.

Энэхүү бүтээн байгуулалтыг зогсоолгүй, бодлогын залгамж халаагаа барьж ажиллаж,  чадсан үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдад баярлалаа. Хамаг цаг хугацаагаа алс замд зарцуулж, хот, хөдөөгийн хооронд гэлдэрдэг үе түүх болон үлдэх бөгөөд хөдөөг чиглэсэн их нүүдлийг эхлүүлж чадсан Л.Оюун-Эрдэний Засгийн газарт тусгайлан талархлаа илэрхийлэх нь зүйн хэрэг юм.