ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Умард Чүнчон мужийн ИТХ-ын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

O.Admin
2024-02-21

БНСУ-ын Умард Чүнчон мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Хуан Ён Ху болон хурлын төлөөлөгчид, Ажлын албаны бүрэлдэхүүний хамт Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байна.

Энэ хүрээнд өнөөдөр дээрх төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Ихбаяр хүлээн авч уулзлаа. Мөн УИХ-ын гишүүн, Монгол Солонгосын парламентын бүлгийн дарга Д.Өнөрболор, төлөөлөгч Н.Баярчимэг, Б.Эрдэнэсүх, Б.Сэргэлэнбаатар...нарын албаны хүмүүс уулзалтад байлцсан юм. Умард Чүнчон муж нь био технологи, нано технологи, батарей үйлдвэрлэл, газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр улсдаа тэргүүлдэг. Мөн аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг муж юм. Уулзалтаар хоёр талын хурлын байгууллагууд нь БНСУ-д оюутан сургах, аж үйлдвэрийн салбарын шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх боломжийг өргөжүүлэх, боловсрол, соёлын солилцооны төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм.

Мөн 2027 онд зуны дэлхийн оюутны спортын их наадам БНСУ-ын Хойд Чунчон мужид зохион байгуулагдана. Үүнд Улаанбаатар хот дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа мужийн ИТХ-ын дарга Хуан Ён Ху илэрхийллээ. Тэрбээр мөн “Манай 2 орон төрийн өндөр дээд болон орон нутгийн түвшинд идэвхтэй хамтран ажилладаг. Цаашид эдийн засгийн чиглэлээр тэр тусмаа мужийн бизнесийн байгууллага, ААН-үүдийн хамтран ажиллах боломж ч бий” гэдгийг хэлсэн юм. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр Чунчон муж болон Улаанбаатар хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжихөд Нийслэлийн ИТХ идэвх зүтгэл гарган ажиллана гэдгийг илэрхийлэв.