ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Зуд болж улстөрчид зоолов

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2024-02-27

  Энэ онд Монгол Улсын хэмжээнд УИХ болон Орон нутгийн сонгуультай билээ. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улстөрчдийн пиар сурталчилгаа, мэдээ мэдээлэл түгээх эрх нэлээд хязгаарлагдмал болсон юм.  Ер нь горилогч нарт нэлээд халгаатай хууль гэж ойлгож болно. Шинэ, хуучин гэлтгүй улс төрийн дэвжээ чангарсан гэж ойлгож болох билээ.

Цаашлаад гарын бэлэг, бэлэн мөнгө өгөхийг ч хориглосон юм. Зөвхөн хийсэн ажлын тайлангаа, хууль сурталчилах үйл ажиллагааг сонгогч иргэд болон тойргийнхондоо танилцуулах, мэдээлэх үүрэгтэй. Зөвхөн сонгуулийн сурталчилгааны үеэр ижил гараанаас бүх улстөрчдийн мэдээ мэдээлэл эхлэх учиртайг холбогдох байгууллагаас сануулж байгаа.

Түүнээс атга давс, жоохон будаа, гурил, цөөхөн хэдэн чихрээр санал солилцдог байдал энэ удаагийн сонгуулиас алсарч байгаа гэсэн үг. Тэгвэл энэхүү эрхийг нь хязгаарлаж, улстөрчид орох, байх нүхгүй толгойгоо гашилгаж байх зуур Монголд зудын гамшиг нүүрлэж,  сая гаруй малын хорогдол гарч, малчид амь зуулгаасаа салж байгаа байдал улстөрчдөд ёстой олз болж байна.

Өөрөөр хэлбэл, Зовлонд лам, зуданд нохой зоолно гэдэг шиг улстөрчдөд болон горилогч нарт өөрийгөө таниулах, танилцуулах сайхан завшаан болох нь тэр. Тэд хандив тусламж нэрийдлээр орон нутгийг хэрэн хэсүүчилж, цас зудыг үл ажран малчдад өвс тэжээл, бусад эд зүйлсээр дэмжлэг үзүүлж явна билээ. Шинэ хуулиар нэр дэвших тойрог нь томссон байгааг ч хэлэх үү нэг аймгаас нөгөө рүү сүлжилдэн давхиж яваа сурагтай.

Олигтой хийсэн ажилгүй, батлуулсан хуулийн авторгүй УИХ-ын зарим гишүүд машин асаах ур чадвараа малчдад харуулсан аж. Элдэв эрдэм тутсан нь түрж өгч байна гэнэ. Зарим нь улаан гараараа цас ухаж, зам гаргаж байна гэнэ. Харин хүүхнүүдэд хүч чадал нь дутах тул цас зөөх, айлын эзэгтэйд туслах, цай хоол бэлдэх зэргээр тусламж, дэмжлэг өгч яваа ажээ.

 

 

Тэд маань хөдөөд улаан, цэнхэрээ, намтай, намгүйгээрээ хүч үзэж, зутарч яваа  сурагтай. Сонгууль ч тэдний шандас, хүчийг үнэхээр сорьж байна даа. Гэхдээ зуд болоогүй бол манай улстөрчид яах байсан юм бол. Ингээд бодохоор малчдын таван малнаасаа хагацах, хот нь харлах юу ч биш. Үнэндээ зовлон ч биш билээ. Та нар минь тойргоо сайн услаарай, дахин, дахин услаарай. УИХ-ын гишүүн болтлоо услаарай. 

Харин хэдэн улстөрчид маань пиараа сайн хийж, өөрсдийгөө таниулж, УИХ-ын гишүүний сэтэр зүүж байвал малчдын  малтай, малгүй, ажилтай, ажилгүй, амьд, үхсэн аль нь байх ч хамаагүй.