ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгалан: Малчид 20-50 сая төгрөгийн зээл авах эрх үүснэ

O.Admin
2024-04-10

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Цас зуданд малаа 70-аас дээш хувийн хорогдолтойгоор алдсан хүмүүс яаж амьдрах вэ гэдэг асуудал хөндөгдөж эхэллээ. Иймд Хөдөлмөр эрхлэлтийн санд 2024 оны улсын төсөвт тусгагдсан мөнгийг малгүй болсон иргэдэд зориулан малжуулах төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төсөлд 5-8 сая төгрөгийг урт хугацаанд хүүгүй хэлбэрээр малчдад зээлнэ. Мөн өнөөдөр УИХ-д өргөн барьж байгаа Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой хуулийн төсөл юм. Ингэснээр шинэ хоршооллыг хэрэгжүүлэх асуудал яригдаж байна. Малчид илүү нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжийг хангана гэсэн үг.

Ашиг шимийнхээ 40-50 хувийг хүртэх боломжтой. Шинэ хоршоолол бий болсноор чинээлэг малчин олон болно. Зээлийн батлан даалтын сан нь малчны зээлийг 100 хувь дааж, хангана. Түүнийг дагаад хууль эрх зүйн орчин өөрчлөгдөнө. Иймд нэг малчин өрх 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломж бүрдэнэ. Тухайн малчин зээлийнхээ 20 хувийг хангана. Үлдсэн 80 хувийг нь зээлийн батлан даалтын сан хариуцах юм.

Хангалттай барьцаа байхгүй малчин 20 сая хүртэлх зээлийг зээлийн батлан даалтын сангаар 100 хувь хангуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Тухайлбал, 200 толгой малтай малчин өрх арилжааны банкнаас хоёр сая төгрөгийн хэрэглээний эрх үүсдэг. Харин хоршоолол хэлбэрээр шинэ хуулиар бол энэ өрх 30 сая төгрөг хүртэлх зээлийг авах эрх үүснэ” гэв.